ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өчигдөр Улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэдэх Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-т очиж үйл ажиллагаа, ажил байдалтай нь танилцав. Тус лаборатори нь 70 гаруй жилийн түүхтэй бөгөөд нийслэл, аймгийн хэмжээнд ажиллаж, мал эмнэлгийн лабораториудыг мэргэжлийн арга зүй, удирдлагаар ханган ажиллахаас гадна Монгол Улсын хэмжээнд гарсан малын халдварт болон гоц халдварт өвчин, малаас хүнд халдварладаг зоонооз өвчний бүрэн шинжилгээ, оношлогоог хийж, мэргэжлийн байгууллага, салбарын яам, Улсын Онцгой Комиссыг баталгаатай шинжилгээний дүгнэлт, мэдээллээр хангадаг төв байгууллага юм. Монгол Улсад 2018 оны зургадугаар сарын 01-нээс мөрдөн, хэрэгжүүлж эхлээд байгаа “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-д зааснаар Монгол Улсад гарсан Олон улсын худалдааны хорио цээртэй малын гоц халдварт өвчний эцсийн шатны шинжилгээний оношийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори тогтоох бөгөөд түүнийг олон нийт, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх эрх нь зөвхөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга бөгөөд Малын Ерөнхий эмч байхаар хуульчилж өгсөн байна.
Мөн тус лаборатори нь Олон улсын лавлагаа лабораторид малын өвчний сорьц илгээж онош баталгаажуулах үүрэг гүйцэтгэдгийн хувьд цаашид Монгол хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах тал дээр мэргэжлийн өндөр түвшинд, маш хурдацтай, чирэгдэл бага, хариуцлагатай ажиллах шаардлагатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тус лабораторийн эмч, шинжээч, ажилтнуудад онцлон тэмдэглэж хэлэв
УМЭАЦТЛ нь дараах үндсэн зорилготой. Үүнд: -Улсын хэмжээнд гарсан малын гоц халдвар болон халдварт, паразиттах, халдваргүй өвчин, элдэв хордлогыг оношлох, -Экспортлох болон импортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болон, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэврийн магадлан шинжилгээ хийж баталгаа гаргах, -Мал эмнэлгийн оношлогоо, шинжилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлэх, мал эмнэлгийн лабораториудыг арга зүй, удирдлага, мэдээллээр хангах, мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах зэрэг болно.