Categories
амьдралын-өнгө мэдээ

Улсын хэмжээнд 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэжээ

Монгол орны нутаг дэвсгэр олон жилийн дунджаар жилд 608.300.0 сая шоо мерт усны нөөцтэй.

Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цас, мөсөн голын зузаан нимгэрч, эзлэх талбай багассантай холбоотойгоор усны нөөц 564,800.0 сая шоо метр болж буурчээ.

Усны нийт нөөцийн 34.600.0 сая шоо метрийг гол, мөрөн, 500.000.0 сая шоо метрийг нуур, 19.400.0 сая шоо метрийг мөнх цас, мөсөн гол, 10.800 сая шоо метрийг нь газрын доорх ус эзэлдэг байна. Усны нөөцийн 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийн 30 хувьтай тэнцэх талбайд буюу хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэж бий болдог. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомсдол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн төсөл болох Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх буюу Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрийн усны нөөцийг тогтоох ажлыг 2019 онд хийж гүйцэтгэжээ. Баруун шинэ эх үүсвэрийн хайгуул судалгааны ажил болон туршилт шавхалтын ажлын үр дүнд газрын доорх усны нөөцийг Шувуун фабрикийн хэсэгт 885 л/с буюу 76,460.0 м.куб/хоног, Биокомбинатын хэсэгт 736 л/с буюу 63.590.0 м.куб/хоног, нийт 1,621.0 л/с буюу 140,050.0 м.куб/хоног байхаар баталсан байна. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсгийг ундны усны эх үүсвэрээр хангах боломж бүрджээ.

Харин улсын хэмжээнд ахуйн чанарын шаардлага хангахгүй ус хэрэглэж байгаа 30 гаруй сум, суурин байдаг. Иймд нэн тэргүүнд эдгээр сумыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны эх үүсвэрээр хангах, мөн зарим аймгийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа учир дахин усны нөөц тогтоох ажлыг зохион байгуулах, гидрогеологийн хайгуул судалгааны ажилд шаардагдах зардал, хөрөнгийг шийдвэрлэж, жил бүрийн төсөвт тусгах шаардлага тулгарч байгааг салбарын сайд онцолж байв.

Хүн амын өсөлт, хотжилт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн хурдац, төлөвлөлтийг харгалзан гол ус хэрэглэгчдийн хэтийн төлөвийг тоймлон тооцож үзэхэд 2030 онд ус хэрэглээ 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэсэн дүн гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *