Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно.

Хуралдааныг Монголын үндэсний олон нийтийн телевиз орон даяар шууд дамжуулна.

2011 оноос Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг улс нийтээр тэмдэглэж эхэлсэн билээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ.
Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан. Энэхүү түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулах гэж байна.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулах юм. УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно.
Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг түүхэн байршилд, уламжлалт хэлбэрээр зохион байгуулах нь арга хэмжээний ач холбогдлыг тодруулах, өв соёлоо сурталчлах чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *