Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын хэлсэн үг

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах шаардлагатай олон хуулиуд хүлээгдэж байгаа учраас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Монгол Улсад хавар ирж, дэлгэр сайхан цаг айсуй. Гэсэн ч гурван хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэхээр байна. Уг нь Монгол Улс нэг хүнд ногдох газар нутаг, байгалийн баялаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг билээ.

1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрсний дараа эргэн харахад монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн гүнзгий хямралд улс орон нэрвэгджээ.

Тиймээс хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг ямагтсанаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, монгол хүний хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Ийм учраас эхний шатанд дараах үндсэн гурван чиглэлд анхаарлаа төвлөрүүлж,хүчээ нэгтгэж ажиллахыг Эрхэм гишүүддээ уриалж байна.

Нэгдүгээрт. Парламентат ёсыг төлөвшүүлж парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсынхаа төлөө өргөсөн тангаргаа сахин биелүүлж, хариуцлагыг эрхэмлэж, ёс зүйг дээдлэн, сонгогч түмнийхээ итгэлийг дааж, ард түмний засаглах эрхийг төлөөлөн хангах нь Улсын Их Хурлын гишүүдийн эрхэм үүрэг мөн.

Парламентат ёсыг төлөвшүүлж, парламентын засаглалыг бэхжүүлэх талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага, иргэдийн дунд Улсын Их Хурлын нэр хүнд сайнгүй байгааг нуух хэрэггүй. Тиймээс парламентын шинэчлэлийг зоримог хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын улс төр, нийгмийн захиалга болоод байна.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд парламентын хуралдааны дэгийн асуудлаар олон улсын парламентын жишиг, чиг хандлагатай харьцуулсан иж бүрэн судалгаа шинжилгээг анх удаа хийж дуусгалаа.

УИХ-аас хууль, бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлагын талаар гишүүд, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгийг энэ асуудлаар зохион байгууллаа.

Ийнхүү олон улсын парламентын туршлагыг өөрийн орны парламентын хуралдааны дэг журамтай харьцуулан судалсны эцэст парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгууллаа. Ажлын хэсэг бусад улс орнуудын парламентын хуралдааны дэгийг судалж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна.

Улсын Их Хурлын 2002 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахлан ажиллаж байна.

Мөн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах “Цахим парламент”-ын системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулсан. Энэ ажлын хэсэг хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг иргэд, олон нийтийн санал, бодолд тулгуурлан тодорхойлох, цахим орчинд иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх, үр дүнг нэгтгэн дүгнэж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлахдаа тусгах, баталсан хууль тогтоомжоо сурталчлах цахим систем бий болгох ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлнэ. “Парламент.мн”, “Төрийн эмхэтгэл.мн”, “Forum.parliament.mn” аппликэйшн, программуудыг нэвтрүүлж УИХ-ын гишүүдийн болон УИХ-ын үйл ажиллагааг дэмжих,сурталчлах ажлыг шинэ шатанд гаргахаар зорьж байна.

Хоёрдугаарт. Парламентыг хариуцлагатай, сахилгатай болгох, ард түмний засаглах эрхийг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус, шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ Улсын Их Хуралд байгаа гэж би хувьдаа үздэг.

Энэ ч үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонссон. Мөн ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намуудад хандаж, саналаа эцэслэн, албан бичгээр Улсын Их Хуралд дөрөвдүгээр сарын 1-ний дотор ирүүлэхийг хүссэн.

Энэхүү уулзалтаас хойш эрдэмтэн судлаачдын баг 11 удаа хуралдаж, саналын хувилбар, түүний үндэслэл тайлбар бүхий 93 хуудас материалыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцанд хүлээлгэн өгсөн байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёолол бэлтгэх, төслийн үр нөлөөний үнэлгээ боловсруулах ажлын дэд хэсэг 4 удаа хуралдаж, эрдэмтэн судлаачдын багаас ирүүлсэн саналыг шүүн тунгааж, төслөө эцэслэн боловсруулж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хаврын чуулганаараа хэлэлцэн баталж, Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжлийг хангах талаар түүхэн, бодит үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.

Гуравдугаарт. Парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байна.

Парламент төр-иргэний харилцааны “хариуцлагын гүүр” байх учиртай. Парламентын хяналтын чиг үүрэг нь орхигдсоноор хүний эрх, шударга ёс, хариуцлага ноёрхож байх учиртай хуулийн засаглалхямарч байна.

Төрд хуулийн засаглал, шударга ёс, хариуцлага ноёрхож байх ард түмний хүсэмжлэл, хүсэл зоригийг Улсын Их Хурал огоорч болохгүй.

Нийгэмд эргэлзээ төрүүлсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, хүний эрхийг дээдлэн, ардчилал, зах зээлийн зарчимд нийцүүлэн нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ намрын чуулганы төгсгөлд миний бие мэдэгдсэн.

Үүнийг бодит ажил хэрэг болгох зорилгоор Хүний эрх, шударга ёсны хэрэгжилтийг хангах, хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харилцаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус, бие даасан байгууллага байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгосон төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бүрэн эрхийн хүрээнд асуудлыг судлан үзэж, тодорхой санал танилцуулах болно.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийт төдийгүй хохирогчийн ар гэрт ихээхэн эргэлзээ төрүүлж, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс хүртэл шийдвэр гарган, Улсын Их Хуралд ирүүлсэн. Сая Швейцарьт хийсэн айлчлалын үеэр ОУПХ-ны төлөөлөл албан ёсоор уулзаж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийн асуудлыг хөндөж тавьсан. ОУПХ-ноос С.Зоригийн хэргийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна.

Өнгөрсөн онд Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ОУПХ-ны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс энэ асуудлаар түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа.

УИХ-ын түр хороо байгуулах тогтоолын төслөө чуулганаар хэлэлцэн баталж, олон нийтийн эргэлзээг тайлах талаар үр дүнтэй ажиллаж, ажлынхаа тайланг удахгүй болох ОУПХ-ны Ассамблейн ээлжит чуулганд танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Эрхэм гишүүд ээ,

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар цөөн үг хэлье.

Эдийн засгийн өсөлтийг хангаж, хувийн хэвшлээ тэтгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажилгүйдлийг бууруулах зорилготой багц хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.

Улсын Их Хурал популизм, хэрүүл хийдэг газар биш, шинжлэх ухааны үндэстэй, баримт нотолгоонд тулгуурласан мэтгэлцээн өрнүүлдэг танхим байх ёстой. Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж байгаа асуудал бүрд энэ зарчмаар хандаж, иргэд, олон нийтийн санал, санаачилгыг тусган, ард түмний эрх ашиг, хүсэмжлэлд нийцсэн шийдвэр гаргахад анхаарч ажиллах шаардлагатай байна.

Татварын багц хуулиуд болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдээр төрийн бус байгууллагууд, иргэд, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг чуулганы завсарлагаагаар зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл идэвхтэй оролцож, тулгамдаж байгаа болон шийдвэрлэвэл зохих олон асуудлаар санал, бодлоо илэрхийлсэн. Гишүүд, холбогдох ажлын хэсгүүд иргэд, олон нийтийн санал, санаачилгыг холбогдох хуулийн төслүүдэд тусган, төрийн бодлого, шийдвэр болгон гаргахад анхаарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Татварын багц хууль батлагдсанаар татвар төлөгч болон татварын албаны эрх, үүргийн тэнцвэр хангагдаж, аж ахуйн нэгж, иргэнд учирч байгаа чирэгдэл, татвар төлөхөөс зайлсхийх явдлыг багасгаж, татварын бааз суурийг өргөтгөн, орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Завсарлагааны хугацаанд дээрх хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх бэлтгэлийг хангах талаар холбогдох Байнгын хороо, ажлын хэсэг, гишүүд идэвхтэй ажилласныг онцлон дурдаж байна.

Улсын Их Хурал ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн батална гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцохыг хүсье.

Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *