Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын дэд дарга Туркийн хуулийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан баасан гарагт Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий прокурорын орлогч, эрхэмсэг ноён Халил Адигүзэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга хэлсэн үгэндээ Монгол, Туркийн ард түмний найрсаг хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, түүний дотор хууль зүйн салбар, шүүх, прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын 90 гаруй прокурор Турк Улсад богино хугацааны сургалтад хамрагдаж, харилцан туршлага солилцсоныг онцоллоо.

Ноён Халил Адигүзэл 2016 онд манай улсад өрнөсөн төрийн эргэлт хийх оролдлогын үед Монголын ард түмэн Туркийн төр, засгийн талд байгаагаа илэрхийлж, зохих алхам хийж байсанд талархал илэрхийлээд, цаашид шинэ тутам үйлдэгдэж байгаа авилга, албан тушаалтны болон эдийн засгийн гэмт хэрэг, зохион байгуулалттай үндэстэн дамнасан гэмт үйлдлүүдийн эсрэг хамтран зогсож, харилцан туршлага солилцоход бэлэн байна гэлээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Турк улсын Хууль зүйн яам, шүүх, прокурорын байгууллага, хууль зүйн академийн холбогдох албаны хүмүүс байсан бол Монгол Улсаас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Монгол Улсын прокурорын байгууллагын удирдах албаныхан байлцлаа гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *