Улсын филармони хөгжмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн урлагийн томоохон газар. Филармониор овоглон олонд танигдаж нэрд гарсан уран бүтээлчид тухай, тухайн цаг үедээ байсан. Харин сүүлийн жилүүдэд тус байгууллага залуу дуучдаар хамт олноо бүрдүүлээд байгаа юм. Улсын филармонид ямар дуучид ажиллаж байгааг сонирхуулъя.
С.Баттулга: “Зүрхний уяа” дууг сэтгэл, зүрхэнд үлдтэл дуулж олонд танигдсан энэ залуу Улсын филармони гэх том гэр бүлд багтаж явдагтаа бахархдаг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Түүнийг “Voice” хамтлагийн дуучин гэдгээр нь олон нийт мэдэх болов уу. Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга урлагийн хүн залуу хүний хувьд нийгэмдээ оролцоотой байх ёстой гээд 2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягт ил захидал хүргүүлж байсан нэгэн. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах гэж үзэж байгаагаа захидалдаа бичсэн байдаг.
Ц.Хулан: Хүчтэй, чадалтай хоолойгоороо нэгэн хэсэг рок поп, хип хоп сонирхогчдыг хуйлруулж байсан Ц.Хулан өнгө төрхөө арай өөрчлөн жааз дуу руу орсон. Дуучин Н.Наранбаатартай хамтран дэлхийн шилдэг жааз дуунуудыг дуулж үзэгчдэд хүргэсэн түүнийг урлагийн томчуул “Байгалиас заяасан өвөрмөц, ховор авьяастайгаас гадна маш их хөдөлмөрч, урлагийн төлөө цохилох зүрхтэй бүсгүй” хэмээн онцолдог юм билээ.
Д.Бурмаа: Ардын дууны Бурмаа хэмээн монголчуудад хүндлэгдсэн тэрээр 2000 онд филармонид орж байжээ. Анх туслах менежер гэсэн орон тоон дээр очсон юм байна. Тэгээд СУИС-д дахин дуучнаар сурч төгсөөд 2009 онд гоцлол дуучин болж байжээ. Тэрээр байгууллагаа “Манайд бүх урсгалаар дуулдаг дуучид, бүхий л жанраар тоглодог хөгжимчид байна. Нэг ёсондоо филармони гэдэг чинь урлагийн их уурхай юм” гэж тодорхойлж байсан удаатай.
Т.Амина: Хүүхэд байхаасаа л дуулж, бүжиглэж ирсэн Т.Аминаг ард түмэн одоо ч хүүхэд ахуйн төрхөөр нь хүлээн авч, дэмждэг. “Universe best of songs” уралдаанд амжилттай оролцож шилдэг оролцогчдын нэг болсон тэрээр саяхан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан. Т.Аминаг филармонийн хамт олон нь “Нар шиг гялалздаг, цог золбоотой охин” гэж үнэлдэг.
Н.Наранбаатар: “Hot spot” хамтлагийн дуучин Н.Наранбаатарыг Монголын урлагт их юм хийх залуу гэдэг. Түүний хамтлаг нь ретро поп урсгалаар уран бүтээл туурвисан нь манайдаа л шинэлэг, анхдагч болж чадсан. Манай филармонийн нүүр царай болсон шилдэг дуучдын нэг гэдэгтэй маргах хүн байхгүй л болов уу. Саяхан ОХУ-д болсон тэмцээнээс Гран При хүртсэн сайхан мэдээг эх орон нэгтнүүддээ сонсгоод буй.
П.Өнөржаргал: “Эволюшн” хамтлаг нэгэн хэсэг рок попын ертөнцөд нэгэн гишүүн нь болж, “АВВА”-гийн дууг гайхалтай хувилбараар нийтэд хүргэж чадсан. Тус хамтлагийн П.Өнөржаргал тэр үеэс л дуу хөгжимд дуртай хүмүүсийн талархлыг хүлээсэн дуучин гэж үнэлэгдсэн. 2010 оны “Universe best of songs” уралдаанд хоёрдугаар байрт шалгарч өөрийгөө юугаар ч хязгаарлашгүй, хөрвөх чадвартай гэдгээ нотолж байв. Улсын филармонийн гоцлол дуучин бүсгүй маань саяхан эмэгтэйчүүдийн баярын үеэр “Хайранд умбасан бүсгүй” тоглолтоо хийсэн юм.
Л.Насанбуян: “Оддын эрэлд” нэвтрүүлгээс олдсон ганц од нь Л.Насанбуян. Тэрээр монголчуудад 18 настайгаас л танигдаж ирсэн урлагт дуртай нэгэн. “Баян Монгол” чуулгатай дуулдаг түүний хувьд урлаг бол амьдрал нь. Урлагийн амьдралаа тэргүүнд тавьж, хувь амьдралаа орхигдуулаад байгаагаа ч нуудаггүй. Л.Насанбуян “Зууны манлай” поп дуучин Б.Сарантуяад тоогдсон дуучин. Баргийн хүнийг тоогоод байдаггүй поп хатагтайн итгэлийг хүлээж шавь нь гэгдэх болсон гэхээр Насаад авьяас байгааг нотолж байгаа юм.
Энэ мэтээр өнөө цагт манай урлагийн ертөнцөд өөр өөрийн гэсэн өнгө будаг, хэмнэлээр уран бүтээлээ туурвиж яваа олон залуус Улсын филармони гэсэн том өрх айлд харьяалагдан дуулсаар явна.
Д.САРУУЛ