Categories
мэдээ улс-төр

Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томиллоо

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр С.Соёмбо-Эрдэнийг томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шүүх шударга ажиллаж чадахгүй байгааг шүүмжилсэн юм. Тэрбээр “Монгол Улс 511 шүүгчтэй. 2016 онд 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол гарсан байна. Энэ гомдлын 80 хувь нь хэрэгсэхгүй болжээ. Ашиг сонирхлын үүднээс нэг талд 34 хувь, хуулийг буруу ашигласан гэх 20 хувь, эрх мэдэлтэй хүнд үйлчиллээ гэх 20 хувь нь гомдол гаргасан байна. Монгол Улсад шударга ёс байхгүй болсон нь судалгаагаар харагдаж байна. Нэг жилд 500 хэрэг шүүж байгаа шүүгч шударга шийдвэр гаргах уу. Олон улсын дунджаар бол нэг шүүгч жилд дунджаар 100 хэрэг шүүдэг юм байна” гэв.

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт банк бус санхүүгийн байгууллагын хүү өндөр байгааг шүүмжилсэн. Тиймээс энэ асуудалд Монголбанк анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-очир:

-Монголбанк нэг ч төгрөг хэвлэхгүй байгаа. Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах гэж хичээж байна. Бага хүүтэй болгох асуудлыг бид олон талаас нь ярилцаж байгаад зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Ер нь бол зээлийн хүү 20 хувьд хүрээд байсан харин одоо 18 хувь болсон. Хэрэв банк бус санхүүгийн байгууллагыг байхгүй болгочих юм бол мөнгө хүүлэгч нар цэцэглэнэ. Санхүүгийн зохицуулах хороо Монголбанк тусдаа байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хорооны ажилд Монголбанк оролцож болохгүй.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөнгөний бодлого өмнөх жилийнхтэй адилхан орж ирснийг шүүмжлээд эрс шинэчлэл хийхийг шаардсан юм.

Үүний дараа Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *