Хууль зүй, дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 09 дүгээр сарын 19-ны Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр улсын бүртгэлийн ерөнхий газраас нийт 20 гаруй төрлийн үйлчилгээг 1691 иргэнд газар дээр нь шуурхай хүргэж, 5281 иргэнд гарын авлага тарааж, 3001 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Үүнээс иргэний улсын бүртгэлийн чиглэлээр 1365, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 74, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр 92, архивын чиглэлээр 160 иргэнд лавлагаа олгож үйлчиллээ. Энэ өдөр улсын бүртгэлийн байгууллага үйлчлүүлэгч ихтэй, ачаалал өндөртэй ажилласан бөгөөд нийт үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн дийлэнх хувийг иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэд эзэлж байсан юм. Өөрөөр хэлбэл нийт үйлчилгээ авсан иргэдийн зөвхөн 1254 нь хаяж гээгдүүлсэн иргэний үнэмлэхээ авахаар хандсан. Эдгээр иргэдийг чирэгдүүлэхгүй, үйлчилгээг газар дээр нь хүргэхийн тулд зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч, ажиллаж буй албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлж ажилласны үр дүнд дээрх иргэдийн үнэмлэхийг өдөрт нь хэвлэж 21.00 цаг хүртэл тарааж олгов. Нээлттэй өдөрлөгөөр улсын бүртгэлийн ерөнхий газрын нийт 80 гаруй албан хаагч ажиллажээ.