Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын дөрөвний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тавдугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хийсэн юм.
Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Билэгт нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төслийн тавдугаар зүйлд “Бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхдөө аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах бөгөөд өөр хоорондоо уялдаатай, нэгдсэн стандарт, арга зүйтэй байна” гэсэн агуулгатай 5.7 дахь хэсэг нэмэхээр болов. Мөн төслийн 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь заалтын “байгуулсан гишүүдийн тоо” гэснийг “байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр” гэж өөрчилж, 12.2.4 дэх заалтыг “12.2.4.төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, зориулалт, төлөв байдал, эргэлтийн цэг, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрөл, тусгай тэмдэглэл” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.1 хувь нь дэмжлээ. Түүнчлэн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 21,2-т заасны дагуу тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтов.
Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “Улсын бүртгэлийн байгууллагад ажиллаж байгаа эрх зүйч мэргэжил эзэмшээгүй улсын бүртгэгч нь хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан шаардлагыг хангасан байна” гэсэн агуулгатай дөрөвдүгээр зүйлийг нэмэхээр болов.
Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 31 нь буюу 64.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны 12 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хуралдаанд ороолцсон гишүүдийн 60.4-64.6 хувийн дэмжлэг авч батлагдлаа.
Дараа нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны хуралдаанаар дэгийн хуульд заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна. Түүнчлэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2016 оны 12 дугаар сарын нэгний өдөр хүчингүй болсон тул хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ.
Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Тухайлбал, төслийн 17 дугаар зүйлд “Үндэсний гадаад паспорт, Монгол Улсад буцах үнэмлэхний загвар болон үндэсний гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газар батална” гэсэн агуулгатай 17.4 дэх хэсгийг нэмэхээр болов. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлав. Мөн хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаад хувийн хэргээр зоричх, цагаачлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7-82.2 хувь нь дэмжив.
Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонслоо. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарын хувилбарыг бэлтгэжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй зарим санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ. Тухайлбал, эд хөрөнгийн зарим эрхийг цахимаар бүртгүүлэхэд эрхийн улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой үйлчилгээний хураамж авах зохицуулалтыг хасах,улсын бүртгэлийн байгууллагын салбар, нэгжийн нэршлийг өөрчлөх, мөн иргэн эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн шийдвэртэй холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гаргахаар өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн Хаягжуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тогтжээ.
Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Эрхийн улсын бүртгэлд эзэмших, ашиглах зориулалтаар бүртгэгдсэн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1 -д заасан зориулалтаар өмчлөх шийдвэр гаргасан бол энэ тухай эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно” гэсэн агуулгатай 5.9 дэх хэсэг нэмэх, мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн “салбарын даргад,* түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд” гэснийг “Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу” гэж өөрчлөхөөр тогтов. Түүнчлэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “23.3.9.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.”, “23.4.6.газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” гэсэн агуулгатай 4 дэх заалт, мөн “23.6.Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ” гэсэн агуулгатай 5 дахь заалтыг тус тус нэмэхээр боллоо.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар бүхэлд нь батлав. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал, газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг гишүүдийн 69.0-85.2 хувийн саналаар бүхэлд нь батлав.
Дараа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны танилцуулгыг сонссон юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн улсын бүртгэлийн байгууллага бүртгэх, үүнтэй холбогдуулан зохион байгуулалтын бэлтгэл ажил хангагдах хүртэл, бүртгэх харьяаллыг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.3-т заасан журмаар тогтоох; Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөлд нийцүүлэн улсын бүртгэлийн байгууллагын “орон нутаг дахь салбар, нэгж” гэсэн нэр томьёог “орон нутаг дахь газар, хэлтэс тасаг” гэж жигдлэх; хууль батлагдсантай холбогдуулан хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх шаардлагатай хуулийн этгээд хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг болон холбогдох бусад саналууд гаргасан байна. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тухайлбал, төсөлд “Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутаг дэвсгэрийг харьяалах улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэсэн агуулгатай 8.3 дахь хэсгийг нэмэхээр болов. Мөн энэ хуулийн 8.3 дахь хэсгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.
Ингээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг батлахыг 71.1-77.8 хувь нь дэмжсэнээр хуулийн төслүүд батлагдлаа.