Спортын төрлүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд энэ сард зохиогдож байгаа. Бөхийн чөлөөт барилдаан, бокс зэрэг төрлүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон бол энэ сарын 16-18-ны өдрүүдэд бөхийн жүдо барилдааны тэмцээн болно. Тэгвэл улсын аваргын тэмцээнд Олон улсын жүдо бөхийн холбооны хоёр шүүгч ирж шүүгчээр ажиллахаар болсон юм байна. Тодруулбал, Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч, Чех улсын иргэн Владимир Хнедка болон ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар насанд хүрэгчдийн УАШТ-ийг дэнслэхээр болжээ.
Шүүгч Владимир Хнедка Монголын тамирчдад сургалт явуулахаар уригдан ирсэн аж. Тэрээр жүдочдын бэлтгэлийн зааланд зочилж, энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид, багш, дасгалжуулагч нарт IJF-ийн баталсан шинэ дүрмийг танилцуулжээ.