Түрүүч нь №213 (6056) дугаарт
Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА
Монгол Улсын 23 дахь аварга удамт бөх Намсрайжавын Батсуурьтай ярилцлаа.
-Наадмын өмнө холбогдоход нутаг явж байна гэж хэлж байсан. Шүтдэг ууландаа очоод ирсэн үү?
-Ховд суманд Хархираа түргэний уулсын үргэлжлэл том уулс бий . Наадмын өмнө очиж хийморио сэргээдэг юм. 2017 оны зун очиж амжаагүй байсан. Өнгөрсөн зун зорьж очсон.
-2017 оны өвөл заалны барилдаануудад гайгүй барилдаж байсан ч наадмаар доогуур даваанд уначихсан?
-Аавын бие чилээрхээд тогтож бэлтгэл сургуулилтаа базааж чадаагүй. Ходоодны хорт хавдар тусаад 130 орчим кг-ын жинтэй байсан хүн чинь 67 кг болтлоо турсан шүү дээ. Сая наадмаар түрүүлчихээд аавтайгаа баяраа хуваалцахад хүмүүс танихгүй “юун хүн гараад ирэв” гэж хүртэл хэлж байсан. Хүн өдөр тутмын хоол хүнсэндээ анхаарч байхгүй бол аюултай юм билээ. Ялангуяа манайх шиг давсны хэрэглээ өндөртэй оронд хорт хавдраар өвчлөх магадлал их өндөр. Япончууд танайхан цайндаа хүртэл давс хийдэг юм уу гэж гайхаж байсан. Япон руу явж эмчилгээ мэс ажилбар хийлгэж гайгүй болсон.
-Та барилдааны сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?
-Багаасаа дурласан спортдоо өндөр амжилт үзүүлэхийн төлөө бэлтгэлийг дээд түвшинд базаадаг. Бэлтгэл сайн байхад ялна, дийлнэ гэсэн итгэлтэй барилдана шүү дээ. Бэлтгэл таараагүй дутуу байхад неревтэхээс авахуулаад асуудлууд гарна даа. Аав намайг жаахан байхаас их зөв бэлдэж өгсөн юм билээ. Долдугаар ангид байхад л гимнастикийн бэлтгэлд оруулж байсан. Үүний үр дүнд би уян хатан, сунгалт, сайтай болсон юм шүү дээ. Намайг хэзээ ч хүчилж шахаж бэлтгэл хийлгэж байсангүй. Аясаар л явуулна. Ялагдаад ирлээ гэж зэмлэж байсан удаа нэг ч үгүй. Намайг 18-19 хүрээд ирхээр хааяа нэг зэмлэхэд нь ачирхаад “Тэгвэл би барилдахгүй” гэж ам муруйж байсан үе бий. Хүүгээ аятайхан бөх болчихоосой гэсэн сэтгэл нь тэр байсан юм билээ.
-Тэр жилийн наадмаар ахмад бөхчүүдийг амлахад чинь “Хөгшин бөх авч нооллоо” гэж бөхийн хүрээнийхэн мөн ч их шүүмжилсэн дээ?
-Аймгийн цолтой бөхчүүдийн зовлонг нь биеэрээ туулж амссан учраас улсын цолны төлөө зүтгэж хөдөлмөрлөж байгаа залуучуудыг наадмаар амлаад байж чаддаггүй юм л даа. Тиймээс л улсын цолтой бөх амлаж барилдсан хэрэг. Нөгөө талаасаа залуу аймгийн цолтнуудад боломж олгож байгаа хэрэг л дээ. Тэр жил Архангайн Ч.Ганзориг, Ховдын О.Хангай нар аймгийн арслан цолтой байхдаа тунаж ямар гоё барилдаан гаргасныг үзэгчид өнөөдөр ч санаж байгаа байх. Тунаж найраагүй сайхан барилдаж цол авсан бөх урам авч дараа дараагийнхаа цолд хүрнэ. Хэрэв би улсын цолтой бөх амлаж барилдаагүй бол тэр хоёр тунаж гоё барилдаан гаргах байсан уу гэдэг эргэлзээтэй.
-2010 оны үед Увсын аймгийн цолтнууд их хүчтэй гарч ирж байсан. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага А.Бямбажав, улсын начин С.Батсуурь, улсын начин Б.Ганзориг гэх мэт. Өнөөдөр “Увс нуур” дэвжээнд бэлтгэл сургуулилт базааж байгаа аймгийн цолтой залуус тэр хэмжээнд хүрч барилдаж чадахгүй байна?
-Б.Насандэлгэр ах начин болсноос хойш С.Мөнхбат аварга, Ө.Бат-Орших гарьд хоёр улсын цол авах хүртэл зургаан жилийн хугацаанд Увсаас улсын цолтон нэг ч төрөөгүй тохиолдол байдаг. Үе гэж байдаг юм шиг. Өнөөдөр барилдаж байгаа аймгийн арслангууд маань бэлтгэл сургуулилтаа сайн базаахгүй бол амжилт гаргах залуу нас гэдэг богино. Үндэсний бөхөөр идэвхтэй сайн барилдах 10 жил л байдаг. Энэ хугацааг л зөв ашиглаж зорилгодоо хүрэх хэрэгтэй. Өрсөлдөөн ихтэй салбарт хэн хичээл зүтгэл гаргасан нь л дээшээ яваад бусад нь аймгийн цолтойгоо л үлдэнэ.
-Өнөөдөр та улсын аварга болчихлоо. Цаашдын зорилгын тухайд?
-Би улсын аварга цол авчихлаа гээд ханасан юм алга. Энэ цолоо батална, дахиад түрүүлэхийн төлөө л явна. Надад бүх боломж бололцоо байгаа. Өөрөөс шалтгаалах нөөц бололцоог шавхана даа.
-Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж байгаа аварга арслан гардиуд “Увс нуур” дэвжээнд бэлтгэл сургуулилт базааж байгаа. Хоорондоо өрсөлдөхөөс гадна бие биенээ ирлэж хурцалж өгдөг байх?
-Би улсын цолонд хүрээгүй залуу бөх байхад улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага А.Бямбажав гээд дэвжээний ах нар амжилт дэргэд минь ойрхон байгааг байнга харуулж байсан. Эд нартаа л чирэгдэж бэлтгэл хийж П.Бүрэнтөгсөөс авахуулаад бидний үеийн залуучууд сайжирч ирсэн юм шүү дээ. Дээд үеийн бөхчүүд маань л биднийг хурцалж өгсөн гэж ойлгодог юм. Увс нуурын аварга арслангуудтайгаа барилдаан дээр бол харгүй сайхан өрсөлдөнө. Ийм хүчтэй өрсөлдөгчид байгаад нь талархаж явдаг юм. Өнөөдөр өрсөлдөгчгүй бол миний амжилт үнэ цэнэгүй шүү дээ.
-Таны дэвжээний багш дасгалжуулагчаар гавьяат тамирчин улсын заан О.Одгэрэл ажилладаг. Багшийнхаа талаар?
-О.Одгэрэл заан самбо, жүдо бөхөөр сайн барилдаж дэлхийн аварга болж байсан спортын хэцүү бэрхийг биеэрээ туулсан хүн. Би багш гээд л зэнзийрхээд байдаггүй, бидэнтэй найзууд шиг ярилцана. Ийм энгийн ярианаас, харилцаанаас хүн алдаа оноогоо илүү ухаарч тусгаж авдаг юм шиг. Бүх бөхчүүдтэй нээлттэй энгийн харьцаж алдаа оноог нь хэлж өгнө. Миний хүчний бэлтгэлийг О.Одгэрэл багш хариуцаж хийлгэдэг. Бидний амжилтын нэг чухал хэсэг нь болсон хүн дээ. Наадмын өмнө сурвалжлагчид “Манай бөхчүүд баяр наадмын өнгийг тодорхойлно. Түрүү үзүүр л ярихаас биш, тав зургаагийн давааны барилдаан сонин биш” гэж даам ярилцлага өгчихөөд сүүлд нь бид нараас санаа зовсон уу яасан, “Та нар сайн барилдана шүү. Би ингээд ам гарчихлаа” гэж хэлж байсан удаатай.
-Бэлтгэлийн торгон ир тааруулна гэдэг дасгалжуулагч хүний ур ухаан юм шиг?
-Жилийн турш зөвхөн бэлтгэл хийж хөлсөө урсгаад байснаараа сайн барилдана гэвэл өрөөсгөл ойлголт. Хүн чинь машин биш, амралт хэрэгтэй. Бэлтгэл цөмөрнө гэж асуудал бий. Жил бүрийн долдугаар сарын 12-нд бөх хүний бэлтгэлийн торгон ир нь орсон байх хэрэгтэй. Энэ нь багшийн ур ухаантай холбоотой асуудал. Хүн болгоны бие организм харилцан адилгүй байдаг. Тиймээс хүн бүрт өөрийн гэсэн тохирсон бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Үүнээс үзэхэд багш хүний хөдөлмөр тамирчны тэсвэр, тэвчээртэй нийлж амжилт ирдэг нь харагдаж байгаа байх. Багш хүний торгон мэдрэмж үүнийг зохицуулна.
-2011 оны сар шинийн барилдаанаар Дархан аварга А.Сүхбатаас “Ирээдүйн аварга” шагнал авчихаад инээгээд зогсож байсныг тань тодхон санаж байна. Энэ шагнал өнөөдөр биеллээ олжээ?
-Сар шинийн барилдаанд анх удаа сайн барилдсан минь тэр л дээ. Аймгийн начин цолтой залуу Дархан аварга А.Сүхбатаас “Ирээдүйн аварга” шагналыг нь авчих юм гээд л үзэж байлаа. Улсын гарьд Н.Ганбаатар, дархан аварга Г.Өсөхбаяр нарыг даваад аварга Ч.Санжаадамбыг цэргийн арслан цолтойд нь тунаж барилдаад тахим өгч байсан. Дөрөв давсан амжилтыг үнэлж аварга ч шагналаа надад өгч том итгэл хүлээлгэсэн. “Ирээдүйн аварга” шагнал хүртсэн бөхчүүд сайн барилдаад байсан болохоор ч тэр үү, тухайн үедээ их л баярлаж урам зориг авч билээ.
-Үндэсний бөх бэртэл гэмтэл авах эрсдэлтэй спортын төрөл. Харин таны өвгөндөө боолттой барилдаж байхыг би хараагүй. Таны барилдааны онцлогтой холбоотой юу?
-Би бэртээд байхаар орооцолдсон барилдаантай биш л дээ. Жин багатай орооцолдсон, унахаар нөхцөл дээр унахгүй гэж тэмцэж байгаа бөхчүүд бэртээд байх шиг харагддаг. Би ч унахаар байдалд орчихвол амь биш, заяа биш гээд унаад өгчихдөг юм. Тамирчин хүн бэртэл гэмтэлгүй байж л амжилтын тухай ярина. Хормын хор шараас болж унахгүй гэж тэмцэж байж бэртсэн, амжилтад сөргөөр нөлөөлсөн тамирчид олон байдаг. Хэдий сайхан бие хаатай, барилдааны арга техниктэй байсан ч бага зэрэг л бэртэлтэй байхад сэтгэл зүйгээрээ уначихдаг байхгүй юу.
-Жудагтай бөх гээд л ярьдаг. Та үүнийг юу гэж ойлгодог вэ?
-Эр хүний жудаг гэж бий. Харин бөхийн жудаг гэдэг тусдаа ойлголт. Хэлсэндээ хүрдэг, шулуун зантай байхыг эр хүний жудаг гэж ойлгодог юм. Бөхийн жудагт тахим өгч авах ёс, өөрөөс дээш цолтой бөх хүндлэх зэрэг ойлголтууд орно. Том цолтой бөхчүүд дүү нартаа монгол бөхийн ёс суртахуун , эрэмбэ дарааг үлгэрлэж байх хэрэгтэй л дээ. Ингэж байж л залуус ухамсарлаж хойч үедээ дамжуулж явна.