“Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. “Дүнжингарав” дэвжээний таван жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрхан”-ы хишиг улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Э.Батбаатар, А.Бямбажав, Э.Оюунболд тэргүүтэй улс, аймгийн алдар цолтнууд зодоглож хүч бяр, авхаалж самбаагаа сорин барилдлаа.
Энэ барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таванхан” дэвжээний бөх улсын аварга Г.Эрхэмбаяр найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Түшээт ханы аварга” дэвжээний бөх аймгийн арслан Э.Даш нар шалгаран үлдсэн юм. Дөрвөн уулын хишиг барилдаанаар Дархан аварга Ж.Мөнхбат, А.Сүхбат, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам, улсын харцага Д.Сэрээтэр, Л.Бадарч, улсын начин Б.Бадам-Очир нарын бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадагтай мөнгөн аяга барьсан байна.