Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Ц.Содномдорж: Бөх барилдах шиг аз жаргал надад байхгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын арслан Ц.Содномдоржтой ярилцлаа.


-Арслан сайхан намаржиж байна уу. Бэлтгэлдээ орж амжсан уу. Ямар наадмуудад зодоглов?

-Сайхан намаржиж байна аа. Наадмаас хойш Тосонцэнгэл сумандаа очиж барилдлаа. Нутагт маань хүн малын зоо тэнэгэр дэлгэр сайхан зун намар болоод улирч байна. Хөнгөхөн бэлтгэл хийж байгаад сая л барилдааны бэлтгэлдээ орсон. Бэлтгэл жигдрэхээр заалны барилдаануудад гарна даа.

-Наадмын тухай хууч яриа татарч амжаагүй л байна. Өнөө жилийн наадмын талаар ярилцлъя л даа. Таны хувьд их шөвөгт шалгарч чимэг нэмлээ?

-Шилдэг аварга, арслангууд бүгд өндөр даваанд гарч ширүүн өрсөлдөөн үзүүллээ. Хэдэн жил яригдах сонинтой, чансаа өндөр сайхан наадам боллоо. Миний хувьд их шөвөгт шалгарч саруул сайжрах чимэг нэмсэн. Сайхан байна.

-Долоогийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгс гурван бөхөөс таныг амлаж барилдсан нь олон хүний анхаарлыг татсан. Барилдаан ямар болов?

-Долоогийн даваанд гурван аварга гарч ирсэн. Улсын арслан П.Бүрэнтөгс бид хоёр нэг үед сайхан өрсөлдөж байгаа бөхчүүд. Сая Э.Оюунболд, Д.Анар бид гурваас намайг амлаж барилдсан. Тэнцүүхэн л барилдаан болсон. Шоо шидээд миний талд буухад барьц сонгоод л давсан. Арслан хий зайгүй нягт барилдаж байна лээ. Шоо П.Бүрэнтөгсийн талд буусан бол боломжоо алдахгүй л байсан байх.

-Зургаагийн даваанд Б.Орхонбаярыг амлаад хонгодоод хялбархан давж байсан. Наадмаар том цолтнууд ир нь орсон залуу начингаас бэргэж амлахаас жийрхэж тойроод байсан шүү дээ. Б.Орхонбаяраас ямар хий зай харж амласан бэ?

-Чансаа өндөртэй наадам болсон талаар би яриандаа дурдсан. Зургаагийн даваанд таван бөхөөс л нэр сонссон. Эрэмбээр нь харж байгаад л шийдвэрээ гаргасан. Сэнжигэнд хүрвэл хонгодож болно гэж тооцсон хэрэг.

-Таныг ажиглахад наадмын дэвжээнд гол төлөв тунаж барилдаж байгаа харагддаг. Сая П.Бүрэнтөгс арслан амласан нь анхны тохиолдол уу?

-Би улсын наадамд хоёр удаа л амлуулж барилдсан. Өмнө нь Б.Баянмөнх начин намайг амлаж байсан. Сая П.Бүрэнтөгс арсланд амлууллаа.

-Анх та улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байв?

-Яг тодорхой санахгүй байна. 2003 онд бэлтгэл хийж эхлээд байхад цолтнууд ч сүрдмээр байсан шүү. Тухайн үед цэргийн арслан Т.Мөнгөнцоож ахад унаж байснаа мартдаггүй юм. Давсан гэхээс илүү өвдөг шороодсон барилдаанууд санаанд тод үлджээ.

-Улсын наадамд анх зодоглож байсан дурсамжаа хуучилбал. Таны хувьд улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүлчихсэн хойноо улсын наадамд барилдсан санагдаж байна?

-Аварга арслангуудтай хамт дэвээд гарахад хийморь сэргээд сайхан байсан шүү. Цэнгэлдэх дүүрэн хүн цуглачихсан. 2008 онд аймгийн хурц арслан цолтой залуу улсын наадамд анх барилдаад хоёрын даваанд аймгийн заан Ч.Бямбадорж ахад унаж байлаа. Өмнө нь улс аймгийн цолтнуудтай барилдаад дадчихсан байсан л даа. Наадмын дэвжээ гэдэг өөр юм билээ.

-Дараа жил нь л улсын цол хүртэж байсан санагдаж байна. Тэр жилийн шинэ начингуудын олонх нь цолоо ахиулжээ. Онжав цолтнуудынхаа талаар ярихгүй юу?

-2009 оны наадмаар шүү дээ. Дөрөв давчихаад ирсэн чинь аадар бороо асгараад л. Хэсэг амраад гараад ирэхэд тайлбарлагч улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй тунасан талаар хэлж байлаа. Бороо орсон, халтирчих гээд их эвгүй барилдаан болж байсан даа. Хашиж мордоход нь мэдрээд дээр нь тусч байсан. Харцага цолны төлөө Ө.Бат-Оршихтой тунаж барилдаад унасан. Шуудганд хүрэхийн өмнөхөн л тахимдуулаад суучихаж билээ. Улсын аварга С.Мөнхбат, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат нар тэр жил шинээр улсын цол хүртэж байлаа. Хожим нь бүгд цолоо ахиулсан байна. Энхбат начингийн тухайд сая дөрөв дэх удаагаа тав давж бүх начингуудын манлай боллоо.

-Таныг том цолд хүрнэ гэж жил бүр л тааварт оруулж байсан. Гэсэн ч улсын харцага цолтой их удсан даа. Юу нь болохгүй байв. Тухайн үед өөрийн барилдаандаа ямар дүгнэлт хийж байсан бол?

-Намайг цолоо ахиулчихаасай гэж олон хүн дэмжиж байсан. 2009 онд начин болоод шантралгүй зүтгэсээр байгаад л 2017 онд улсын наадамд түрүүлсэн. Их шүүслүүлж байж улсын наадамд түрүүлсэн шүү. Бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд тултал базаагаад л наадамдаа зодоглодог. Яаж ч болохгүй л уначихаад байсан. Түрүүлдэг жилээ заан цолны төлөөх даваанд Бадарч харцагатай тунаж барилдсан. Давчихаад гүйж байхад нуруун дээрээс ачаа авчихсан юм шиг санагдаж байсан шүү. Наадамчид ч үерийн ус шиг давалгаалж уухайлаад, мөн ч сайхан байж билээ. Гантай зун хур асгарч байгаа юм шиг л. Намайг дэмждэг хүмүүсийн тэр их хүлээлтийг тайлсандаа баярладаг юм. Цаашдаа цолоо ахиулахын тулд хөдөлмөрлөөд л явж байна.

-Жүдогийн н.Жамсран багштай хамтарч ажилласнаас хойш таны барилдааны арга техник илүү баялаг болсон юм шиг санагддаг. Багшийнхаа талаар ярихгүй юу. Хэрхэн багш шавийн барилдлага барьж байв?

-Цолоо ахиулах хүсэл их байдаг. Нэг л болж өгдөггүй. Бодож байгаад л барилдаан арга хэлбэрээ шинэчлэхээр Жамсран багш дээр очсон доо. Дөрвөн жил хамтарч ажиллаад л улсын наадамд түрүүлсэн. Өнөөдрийг хүртэл зааж зөвлүүлээд л явж байна. Надад их нөмөр нөөлөг болдог хүмүүсийн нэг. Хутгаа, хөмрөө, хавираа гээд хөл мэхнүүдийн нарийн техникийг миний барилдаанд суулгаж өгсөн. Мэх техникийг нь уйгагүй бэлдээд байхад рефлекс болчихдог л доо. Арслан цолны төлөөх шийдвэрлэх даваанд өөрийн мэдрэмжээрээ л хөмрөөд даваа авсан.

-Хөвсгөлийн Уйлган голын гурван аваргаас хойш аварга цолтон нутгаас тань төрсөнгүй. Танд аварга цол хэр ойрхон харагдаж байна?

-Жил жилийн наадмаар л сайхан барилдъя гэж зорьж бэлтгэлээ хийгээд явж байна.

-Та хамгийн олон дэмжигчтэй бөх. Энэ их хүлээлт нэг талаараа танд дарамт болж байсан удаа бий юу?

-Үгүй. Харин ч намайг гэсэн тэр хүмүүсийн сэтгэлийн хүчээр өдий зэрэгтэй явна гэж ойлгодог.

-Өнөө жилийн наадмын түрүү бөх маань допингийн асуудалд холбогдлоо. Улсын арслан цолтой бөхийн хувьд яаж харж байна?

-Эрийн гурван наадам гэдэг сайхан шүү. Манай нутгаас тийм бөх цол хүртлээ, тийм хүлэг айрагдлаа гэж аймаг хошуугаараа баярлаад хүн болгон л гэрэл цацруулсан эерэг энергитэй сайхан наадсан. Наадмын архан тал дээр ийм таагүй мэдээ сонсогдлоо. Төрийн наадмын түрүү бөх допингийн асуудалд холбогдсон нь харамсмаар юм. Түрүү бөхийн өөрийнх нь хариуцлагатай холбоотой асуудал гэж үзэж байна. Мэдээллийн эрэн зуунд мэдээлэлгүйгээс допингийн төрлийн бодис хэрэглэнэ гэдэг боломжгүй асуудал. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхийн галуудаар явж хориотой эмийн жагсаалтын талаар танилцуулж сургалт хийдэг. Үүнийг мэдсээр байж допингийн асуудалд холбогдож байгаа нь нэг талаараа төрөө хүндлэхгүй, ард түмнээ үл тоож байгаа хэрэг л дээ. Энэ их өв соёлыг нуруундаа тээж, манлайлж яваа хүний хувьд байж болохгүй асуудал.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх тал дээр хойрго хандаад байх шиг. Бөхийн салбар хорооноос цол хурааж, барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан ч Баяр наадмын комисс дээр очоод гацчихаад байна. Допингийн асуудалд холбогдсон нэг бөхийн нэр өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна шүү дээ?

-Бид мэдэхгүй юм. Төрийн түшээд шийдвэрээ гаргах биз. Баяр наадам зохион байгуулах комисс нягтлаад, эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

-Наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээний хариугаа зарлаж Бөхийн салбар хорооноос шинжилгээний хариуг яаралтай зарлахыг шаардсан. Зохион байгуулалттай гэмээр хийсэн энэ мэдэгдлүүд цаагуураа бөхчүүд шинжилгээний хариугаа нуун дарагдуулдаг гэх хардлагыг нийгэмд төрүүлсэн. Шинжилгээний хариуг нуун дарагдуулах тохиолдол байдаг юм уу?

-Тэрнээс допинг илэрлээ, тэр шинжилгээний хариугаа нуулаа гэсэн барьцгүй яриа ам дамжаад явж л байдаг. Би Тосонцэнгэл сумынхаа сургуулийн ойн баярт барилдаад явж байсан л даа. Таньдаг хүмүүс “Хоёр, гурван хүнээс допинг илэрсэн гэнэ. Тэдэн дунд чиний нэр явж байна” гэх яриа дуулдаж байна. Харин бөхийн салбар хорооноос “Таны допингийн шинжилгээ цэвэр гарсан” гэж мэдэгдсэн. Үүнийг сонсоод л мэдэгдэл хийгээд цахим хаягаараа түгээсэн.

-Бөхийн салбар хорооноос шинжилгээ нь цэвэр гарсан хүмүүс рүү утасдаж мэдэгддэг юм уу?

-Мэдэгддэг.

-Допинг хэрэглэчихээр тэгж их бяр ордог хэрэг үү. Хүний биед ямар үйлчилгээтэй эд вэ?

-Энгийнээр тайлбарлахад гурван настай хүүхдүүдийн дунд тав зургаан настай хүүхэд ороод л барилдаж байна гэсэн үг.

-Өнөөдөр сумын заан цолтой бөх допингийн шинжилгээнд бүдэрч байгаа нь монгол бөхөд допингийн хэрэглээ хавтгайрлаа гэх айдсыг төрүүлээд байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Бөхчүүдийг баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд хамруулах хэрэгтэй байна. Улиралдаа нэг удаа допингийн шинжилгээ аваад байхад энэ асуудал цэгцэрнэ л дээ. Өнөөдөр үндэсний бөх өндөр түвшинд хөгжсөн байна. Залуу бөхчүүд долоо хоногийн бүх өдөр бэлтгэл хийж байна. Өдөрт хоёр удаагийн бэлтгэл хийдэг залуус ч байна. Ямар нэгэн ажил эрхлэхгүй бүх цаг заваа амжилт гаргахад зориулж байна. Үндэсний бөхийн хөгжлийн түвшин дээд цэгтээ ирчихлээ. Сумын заанууд гарын үзүүрээр унадаг үе ард хоцорсон. Бяр жингээрээ улсын цолтнуудаас нэг их ялгаагүй болжээ. Улсын наадамд ямар ч бөх түрүүлэх боломжтой болчихсон байна. 1990-ээд оны үед бол тэр тэр түрүүлж үзүүрлэнэ гээд хэлчихдэг байлаа шүү дээ. Одоо бол таашгүй болсон. Энэ чанараараа үзэгчдийг их татаж байна л даа.

-Өнөө цагт төр түшилцэж буй нэгэн эрхэм “Монгол бөхийн тал хувь шоу драмын чанартай болсон. Допингийн шинжилгээ авах хэрэг байна уу, үгүй юу” гэх утгатай мэдэгдэл гаргасан байна лээ. Энэ талаар ямар бодолтой байна?

-Харин тийм байна лээ. 2500 жилийн түүхтэй энэ их өв соёлыг төрийн түшээ хүн ийм мэдэгдэл хийж үгүйсгэж болохгүй. Төрийн наадам гэж ярьдаг шүү дээ. Төрийн түшээ хүн ийм мэдэгдэл хийж байгаа нь утгагүй байна. Үндэсний спортыг спорт биш гэж байгаа нь эмгэнэлтэй хэрэг. Ямар үндэслэлээр шоу драм гэж байгааг нь ойлгохгүй юм. Бодвол найраа өгөө, аваа газар авсан гэж хэлж байгаа юм болов уу даа. Энэ их өв соёл тээж байгаа аварга, арслангууд, залуу бөхчүүд ч тэр бөхчүүд дор бүрнээ бодолцож нэрээ хичээж явах хэрэгтэй байна. Энэ их өв соёлыг тээж дараа үедээ хүлээлгэж байгаагаа ухамсарлах хэрэгтэй.

-Ирэх амралтын өдөр Баянзүрх хайрханы хишиг барилдаан болно. Та зодоглох уу?

-Саяхан л үндэсний бөхийн бэлтгэлдээ орсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л хөлөндөө хоёр ч удаагийн мэс ажилбар хийлгэсэн. Баруун хөлний урд талын чагтан холбоос тасарлаа. Сэдрэхээр нь дахиж эмчлүүлсэн. Ойрын хугацаанд барилдаж амжихгүй байгаа маань бэртэл гэмтэлтэй холбоотой. Ямар нэгэн бэртэл гэмтэлгүй бол барилдахаас илүү аз жаргал гэж надад байхгүй. Өдөр тутам дуртай зүйлээ хийх сайхан шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *