“Өдрийн сонин”-ы 2015.07.06 ДАВАА №167 (5119) арвихаас авч нийтлэв
2011 оны улсын баяр наадмын бөхийн засуулууд. Баруун гар талаас дөрөв дэх нь ахлах засуул Ж.Пэрэнлэй
Алхах зуураа “Ах нь 1952 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. Найман хүүхэдтэй айлын отгон нь. Эрх дураараа хэдий ч мал маллах, ус түлээ хадлан тэжээл бэлтгэх, эмнэг сургах зэргийг хэнээр ч заалгалгүй өөрөө хийчихнэ. 17 настайдаа цэргийн албанд татагдаад, хүндэт харуулын 032 дугаар ангид хуваарилагдсан. Үе тэнгийнхэн дотроо нуруулаг нь байлаа. Гурван жилийн эр цэргийн алба эр хүнд жинхэнэ утгаараа хатуужил суулгаж, хүмүүжил олгоно шүү дээ. Цэргийн албаа хаачихаад, нутагтаа очиж ганц жил цагдаагаар ажиллаж байгаад 1973 онд хотод орж ирсэн. Улсын үйлдвэрт ажиллаж байгаад 1977 оноос 22 дугаар авто баазад жолооч болсон. Улсын 300 гаруй сум суурингаас 19-д нь л очоогүй. Бусдад нь түлш шатахуун, өвс тэжээлээс өгсүүлээд хоол хүнс, гэр майхан хүргэж өгч байлаа. Залуу насаа эх орноо хөндлөн гулд тээвэр хийж элээсэн дээ. Ах нь хар залуугаасаа барилдаж өссөн. Бөх, жолооч болохыг багаасаа мөрөөдсөн хүн дээ. Нэгд нь хүрч чадаагүй ч нөгөөг нь гарамгай биелүүлсэн” хэмээн ярьсаар яваад, цэнхэр төмөр хаалган дээр ирснээ “Энэ манай хашаа. Дотогш орцгоо” гээд хаалга нээж өгөв. Хашаанд хоёр байшин байх агаад, баруун талынх нь буюу арай жижиг рүү биднийг орохыг урив. Тэрээр эмгэнтэйгээ хоёр өрөө, тоосгон байшинд амьдардаг юм байна. Үүдний хэсгийн цаахна гал тогооны шүүгээ, зуух, сандал ширээ харагдав. Гэргий Ч.Дуламсүрэн жимс ногоо хэрчин алаг салат бэлтгэж байсан бөгөөд тэрээр “Өө, сонины хүмүүс ирчихсэн үү. Аяга хоол бэлдэх санаатай эндээ мунгинаж сууна. Ядахад хүү маань гэр бүлээрээ Шаргаморьт руу явчихаад ирээгүй байна. Байсан бол бэр, ач охин хоёр маань орж ирээд бэлдэлцээд өгдөг юм. Миний хүүхдүүд том өрөө рүү ор” гээд ханан пийшин, хувцасны шүүгээ хооронд гаргасан хаалга тийш заав. Гэрийн эзэгтэй цай аягалах зуур Пэрэнлэй гуай хоймор дахь авдраа уудлан хүрэн даалинтай хөөргөө авав. Хөөрөгнийхөө халбагаар дүүргэн тамхи хутган гаргаж ирснээ зүүн гарынхаа эрхий долоовор хуруугаараа зэрэг шудартал халбаган дахь тамхи хоёр хурууных нь өндгөн завсар үлдэв. Хурууны өндгөн завсар дахь тамхиа тухтай нь аргагүй хамартаа хүргэн, зугуухан татах зуураа “Өнгө сайтай сайхан зусч байна уу” гээд бидэнтэй тамхилав.Телевизороо асаатал нэгэн суваг дээр “Хоёр аваргын хэн нь зүүнийг манлайлж гарах ёстой гэж бодож байна вэ” гэсэн асуулгад иргэдийн санаа бодлыг толилуулж байна. “Олон түрүүлснээрээ Г.Өсөхбаяр аварга зүүний манлайд гарах ёстой”, “Г.Өсөхбаяраас түрүүлж аварга цолонд хүрсэн гэх утгаараа А.Сүхбат аварга зүүнийг манлайлна”, “Үндэсний баяр маань өмнөх жилүүдийн адилаар өргөн дэлгэр болж, бөхчүүд минь зүлэг ногоон дэвжээн дээрээ зодоглох нь үнэнээс хойш хэн зүүнийг манлайлах нь ямар хамаатай юм бэ” гэх зэргээр иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. “Харин та энэ тухайд ямар бодолтой байна вэ” гэвэл “Үүнийг бөхийн холбоо, баяр наадмын комисс шийдэхээс бус жирийн нэгэн засуулын мэдэх хэрэг биш. Гэхдээ үндэсний баяр наадам учраас өв уламжлалаа л дагах ёстой болов уу. Даяар дуурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ 11 удаа улсынхаа баяр наадамд түрүүлчихсэн мөртлөө Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын өмнө нь бус хойно нь гарч байсан. Тухайн үед Х.Баянмөнх аварга арав, Ж.Мөнхбат аварга долоон түрүүтэй байсан. Наадамчин олон “Олон түрүүлснээрээ наад хоёр аваргынхаа өмнө нь гарахгүй юм уу” гэхээр Б.Бат-Эрдэнэ аварга “Би уламжлалаа дагана. Түрүүлж аварга болсон бөхөө дараагийн аварга нь хүндлэх учиртай. Түүнээс биш хэд түрүүлсэн нь ямар ч хамаагүй” гэсэн. Эрэмбэ чансаагаараа бол улсын баяр наадамд Г.Өсөхбаяр аварга дөрөв, А.Сүхбат аварга гурав түрүүлсэн. Эрэмбээрээ Г.Өсөхбаяр аварга илүү ч тэрээр 512 бөхийн барилдаанд дөрвөн удаа түрүүлсэн бол А.Сүхбат аварга хоёр удаа 512-т, нэг удаа 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн. Тэгэхээр чансаагаараа ойролцоо байгаа биз. Харин уламжлалаа дагавал А.Сүхбат аварга Г.Өсөхбаяраас түрүүлж аварга цолонд хүрсэн гэх утгаараа зүүнийг манлайлбал зүйтэй болов уу гэж бодож байна. Нэгэнт л үндэсний спорт учраас уламжлалаа дагавал буруудахгүй байх. Өнгөрсөн жил аварга цолоо түрүүлж авснаараа А.Сүхбат аварга зүүний манлайд зодоглосон шүү дээ” гэв.
Ж.Пэрэнлэй гуай “Хөгшөөн, аль түрүүн л буузаа гал дээр тавилаа гэж байсан. Болсон бол хүүхдүүдэд авчирч өгөөч” гэвэл “Дэлгүүрээс авсан буузны маань ёроол нь түүхийрчихжээ. Бууз хийдэг юм билүү гээд махаа татаж байна. Гурилаа зуурчихсан. Дөтийг харж дөрөв хононо гэдэг л болж байна даа” гэв. Тэгтэл Пэрэнлэй “Надад хэлэхгүй дээ. Би бушуухан татаад өгье” гээд гал тогоо руу оров. Хоймрынхоо баруун талын авдар дээр Далай ламын томоо гэгчийн хэд хэдэн хөргийг, бурхдын хамт залжээ. Харин зүүн талынх нь авдар дээр Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Хадбаатар тэргүүтэй аваргуудын зураг харагдав. Хажууханд нь улсын заан Ч.Санжаадамбыг засч буй болон аварга С.Мөнхбаттай бөхийн өргөөнд тамхилж буй гэрэл зургууд өрөөтэй харагдав.
Төд удалгүй Ж.Пэрэнлэй гуай орж ирээд, баруун авдар дээрх бөхчүүдтэй татуулсан гэрэл зургийг нь харж буй биднийг харснаа “Ах нь бөх, жолооч болохыг багаасаа мөрөөдсөн гэж хэлсэн дээ. Жолоо мушгиж, улсынхаа бараг бүх сумдаар орсон. Харин бөх болж чадаагүй. Заал, танхимын барилдаанд зодоглодог байсан. Нас яваад ирэхээр барилдах биш үзэгчдийн суудалд шилжиж байгаа хэрэг. Өөрөө барилдаж байсан юм болохоор бөхчүүдийг хажуугаас нь хараад сэрвүү барьцнаас ямар мэх хийвэл даацтай болдог, хав дөрвөлжин барьцыг яаж халж болдог зэргийг мэддэг үзэгч болж байгаа хэрэг. Харин 1997 онд бөхийн холбооноос засуулын шалгаруулалт зохион байгуулсан. Түүнд нь би орж тэнцээд, засуул болсон. Ингэж “албан ёсны” буюу үнэмлэх тэмдэгтэй засуул болсон. Үүнээс өмнө заал танхимын барилдаанд бөх засдаг л байсан” гэв. “Сүүлийн үед засуул байх шаардлагагүй. Хэн унасан давсанг нь камераар шүүгээд харчихаж болно” гэж нэгэн залуу фейсбүүкт бичсэн нь багагүй маргаан дагуулсан. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ” гэвэл “Ер нь олон бөх нэгэн зэрэг зүлэг ногоон дэвжээн дээр барилдахад зайлшгүй хэнийх нь өвдөг, тохой түрүүлж газар хүрсэн гэдгийг хажуугаас нь харж, хянаж байх шаардлагаас засуул үүссэн юм биш. Тэгж яривал үндэсний бөхийн дүрэмд камерын бичлэгээс хоёр бөхийн аль нь унасан, давсанг шүүж харахыг хориглосон. Засуул зөвхөн хэн нь унасан, давсанг харах гэж хажууд нь зогсдог мануул биш. Түүх домгоос нь яривал монгол бөхийн түүхэнд засуулгүйгээр үндэсний бөхчүүд барилдаж байгаагүй. Тэр бүү хэл хонины бэлчээрт хоёр хүү барилдсан ч хажууд нь өөр хэн нэгэн малгайнуудыг нь газар хүргэлгүй бариад зогсож л байсан. Эр хүний сүлд нь малгайдаа байдаг гэх утгаар нь тэгж хүндэлж, байгаа хэрэг. Түүнээс биш хэн унасан давсанг нь харах гэж зогсдоггүй юм. Дээрээс нь бөхийг дээдэлж байгаа ард түмэн засуулыг бөхийн дайтай хүндэлдэг. Тэгэхээр өв уламжлал, язгуур чанараараа бол засуул хэзээд байх ёстой. Үндэсний бөхөө засуултай нь хамт, дэг жаяг, ёс уламжлалтай нь хамт төдийгөөс өдийг хүртэл мянга гаруй жил хадгалаад ирсэн юм чинь камер гарч ирээд, үгүй хийчихнэ гэж юу байх билээ. Үндэсний бөхийн спорт бол Монголын биет бус соёлын өв байгаа юм. Өмсгөл, зодог шуудаг засуулын дээл хувцас л өөрчлөгдсөнөөс баримталдаг ёс, дэг жаяг яг хэвээрээ. Энэ соёлын үнэт өвөө “Ингэж өөрчилье, тэгж устгая” гэхийн оронд харин уламжлалаа, соёлын өвөө хэрхэн сэвтээлгүй, хойч үедээ өвлүүлэх талаар бодож, сэтгэх хэрэгтэй. Мэдээж бодож сэтгэснээ ажил хэрэг болгох ёстой” гэсэн юм.
Мөн тэрээр “Засуул хүн гэдэг улсын баяр наадмаар зүлэг ногоон дэвжээн дээр улсын аварга, арслан, гарьд заан, тэргүүтэй бөхчүүдтэй гарч ирдэг. Энэ утгаараа бөхчүүдийнхээ нэгэн адилаар биеэ бэлддэг. Наадам эхлэхээс өмнө засуулууд ингэж биеэ бэлдэх хэрэгтэй гэж заагаагүй байдаг ч наадам дөхөөд ирэнгүүт бид архи тамхинаас татгалзаж, хэрүүл маргааныг тэвчдэг. Бүр цаанаасаа тэгээд хэвшчихсэн гэх үү дээ. Мэдээж үндэсний бөхийн дүрэмд зүлэг ногоон дэвжээн дээр тамхи татах, архи дарс хэрэглэх, зохимжгүй үг хэллэг хэлэхийг хориглосон” хэмээн нэмж хэлсэн юм.
Жил ирэх тусам үндэсний бөхөөр барилдах сонирхолтой залуус нэмэгдэж байгаад тэрээр ихэд талархаж байгаагаа хэлсэн юм. “Өдгөө бөхийн бай мөрий дээшилж, сургуулиуд олон, сонирхдог хүмүүс ч олширсон. Х.Баянмөнх аваргын эгчийн хүү нь нагац ах улсынхаа баяр наадамд түрүүлээд ирэхдээ жижиг цагаан боодолтой юм авч ирнэ. Задлаад үзэхээр дээлийн торго, дугуй булантай цай, 70 төгрөг л байдаг байсан хэмээн хуучилж билээ. Гэтэл хожмоо Ховд аймгийн Мянгад суманд зохиогдсон баруун бүсийн анхны даншиг болох Сар хайрханы наадамд Х.Баянмөнх аваргын хүү улсын гарьд Б.Гантогтох түрүүлж, 21 сая төгрөгийн жийп машинаар байлуулж байсан. Тухайн үед “20 төгрөгийн төлөө насаараа барилдсан Хорлоогийн Баянмөнх аварга, хоёрхон хоногийн барилдаанд түрүүлж 21 сая төгрөгийн машинаар байлуулсан хүүгээ үнсээд ардчиллын үнэт зүйлс сайхан санагдлаа гэж ярьж байсансан. Тухайлбал жил бүрийн есдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд сумын заан залуу бөхчүүдийн барилдаан сар бүр болдог. Энэ барилдаанд 680, 570 бөх барилдаж байна. Аймгийн цолтой бөхчүүдийн заалны барилдаанд аймгийн начин цолтой бөх нь барилдаж чадахгүй байна. Хэтэрхий олон болчихоор цолны эрэмбээр нь жагсаагаад, аймгийн арслангаас харцага цолны хоорондох бөхөө оруулаад, начинг нь хасах жишээтэй. Гэтэл 1990 оноос өмнө улсын баяр наадмаар зодоглох 512 бөхийн тоог гүйцээх гэж багагүй ажил болдог байсан. Цэргийн ангиас бөхчүүдийг хороо, тасгаар нь ачиж авчраад барилдуулчихдаг байсан. Гэтэл төдийгөөс өдий болтол үндэсний бөхийн спортыг авч явж байгаа Үндэсний бөхийн холбоог юу ч хийдэггүй, хийгээгүй, үндэсний бөхийн спортыг сүйрүүллээ гэхчилэн элдэв юм ярьж л байдаг. Гэтэл 1991 оноос эхлэн улсын заан Давааням Спортын төв ордноос тусад нь үндэсний бөхийн холбоо байгуулахаар санаачлан, түүнийгээ ажил хэрэг болгосон. Үүнийг нь түүний ах буюу одоогийн бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, их сургуулийн багш асан Д.Данзан тэргүүтэй хүмүүс дэмжсэн байгаа юм. Ингээд Р.Нямдорж, Д.Данзан, Р.Давааням тэргүүтэй зургаан хүн Хөдөлмөрийн яамны зүүн урд хэсэгхэн газарт зургаан тоосго давхарлаж тавиад, дундаасаа 600 төгрөг гаргаад холбооныхоо дансыг нээж байсан гэдэг. Тэр зургаан тоосго давхарлаж тавьж байсан газарт өдгөө бөхийн өргөө сүндэрлэж байна гэсэн юм.
Улсын ахлах засуул Ж.Пэрэнлэй гурван хүү хоёр охинтой. Ууган хүү П.Эрдэнэпүрэв 2002 оны Дорноговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолонд хүрчээ. Мөн бага хүү П.Эрдэнэбаяр аймгийн начин цолтой бөгөөд өнөө жилийн наадамд зодоглохоор Тэрэлж рүү бэлтгэлдээ гарчээ. Харин охин П.Амаржаргал нь Их шавийн дээд сургуулийг 2005 онд төгссөн бөгөөд өдгөө Америкт самбо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бол П.Дэлгэрмаа хуульч мэргэжилтэй юм байна.
Тэрээр сүүлийн 20-иод жил үндэсний бөхийн засуул хийж яваа нэгэн. Тэр ч утгаараа олон ч бөхийг улсын цолонд хүрч, цолоо ахиулах чухал барилдаанд засч байжээ. Баянхонгор аймгийн бөх Д.Батболдыг улсын харцага, Өвөрхангай аймгийн бөх Т.Санчирыг улсын заан, Увсын бөх Ө.Бат-Оршихын улсын харцага цолоо авахад нь тэрээр засч байжээ.
Үндэсний бөхийн спорт, бөхчүүдтэй холбоотой элдэв хоржоонтой яриа дэлгэв. “Ж.Мөнхбат аваргыг хоёр ч удаа улсын наадамд түрүүлчихээд байхад Намын төв хорооныхон бардам түрэмгий зантай гээд цолыг нь өгдөггүй. Тэгтэл гурав дахь удаагаа түрүүлдэг жилийнх нь наадмын өмнөхөн Төв хорооны нэгэн хурган дарга “Чи жаахан учиртайхан, даруулгатай барилдана шүү” гэсэн чинь “Чамайг үзэх гэж чавганц ч ирэхгүй. Намайг үзэх гэж найман мянган хүн цугласан байна” гэж хэлээд буруудаж байсан тухайгаа хожмоо дурсаж байсан. Улсын арслан С.Оргодол наадамд барилдсан эхний жилээ начин, 1955 онд түрүүлж, улсын арслан болсон. Тэрээр аав ээжээс заяасан бяр тэнхээнийхээ хүчинд өнөөдөр амьд мэлтийж байна гэсэн байдаг. Учир нь улсын арслан цолонд хүрснийхээ дараахан эмнэг азарга сургаж байхад эмээлийн жирэм нь тасраад азарганыхаа дор эмээлтэйгээ холбироод орчихсон гэдэг. Тэгээд эмнэг азаргандаа чирэгдсэн байгаа юм. Нэг хөл нь хугараад бүр санжчихаар нь энэ маягаараа удаан чирэгдвэл амиа алдах юм байна гэж түгшсэндээ азарганыхаа арын хоёр хөлийг тас тэвэрчихсэн хэмээн хуучилдаг. Тэгтэл эмнэг азарга дороо зогсчээ. Эмнэг азарга хэсэг зогсч амсхийснээ дахиад булгиж, тонгочоод эхэлнэ. Тонгочиход нь хойд хоёр хөлийг нь баглаад тэвэрсэн гарыг, цээжийг зад татахаа алдана. Ингээд хэсэг амсхийж зогсонгуут нь цээжээрээ цохиод өндийтөл эмнэг азарга дор орсон аж. Эрлийн хүн иртэл гурван цаг гаруй өнөөх эмнэг азаргаа хээр дарж хэвтсэн гэдэг шүү. Босгох л юм бол амийг сүйд хийнэ. Ингэж бяр тэнхээнийхээ ачаар өөрийн амийг авч гарсан хүн дээ” гэв. Мөн дэвээ шавааны тухайд “Бөхчүүд хангарьд шувууг дуурайн гуяа өврөөс нь, араас нь гурав алгаддаг. Сайхан дэвж, шаваад гарч байгаа бөхчүүд тэр чинээгээрээ уран мэхийг уралдуулан, урамтай сайхан барилддаг. Дэвж байгаа гэж тэрүүхэн тэндээ гараа хөдөлгөчихөөд, ёс төдий дэвчихээд гарч байгаа бөх төд удалгүй өвдөг шорооддог. Энэ утгаараа дэвээ шаваа бол бөхийн бяр, хүч чадлын онгод тэнгэрийг дуудаж байгаа нэгэн төрлийн ёсолгоо. Миний ээжийн ойрын хамаатан болох Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Мижид хэмээх арслан байсан. Их хүчтэй. Түүний хүү Дэлэг Мижид арслангийн зодог шуудгийг өмсөж, олон жил нутаг усандаа түрүүлсэн. Мижид заан хүүдээ дэвээ шавааны талаар “Эхлээд хоёр гараараа гуяа урдаасаа алгадахдаа энэ наадмын түрүү бөхтэй бүү таараг, араас нь алгадахдаа муу бөхийн дархан мэхэнд бүү ор гэж хэлээд алгаддаг. Харин сүүлийн удаа буюу гурав дахь удаагаа гуяа урдаас нь алгадахдаа “Миний аав сайн бөх байсан. Гэхдээ чиний аавыг (учраа бөхийнхөө) давж цолондоо хүрч чадаагүй. Чамайг давж аавынхаа хүслийг биелүүлнэ” гэж хэлээд өөрийгөө хурцалдаг гэж хэлж байсан байгаа юм. Үүнийг бөх төдийгүй засуул ч мэдэж байх ёстой” гэсэн юм.
Өнөө жилийн наадамд улсын заан Ч.Санжаадамбыг өнгөтэй наадах болов уу хэмээн таамаглаж байгаагаа бидэнд дуулгасан юм. Хамгийн гол нь бөхчүүд ийн сайн бэлтгэлээс гадна тэр өдрийн аз тэнгэр гэж бий гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байж амжилттай барилдана гэдгийг нэмж хэлсэн юм. Тэрээр “Улсын заан Ч.Санжаадамба өнөөдөр барилдаж буй бөхчүүдээс бяраар хэнээс нь ч илүү. Аваагүй, хүрээгүй болохоос дархан аварга цолны эрэмбэтэй бөх. Улсын заан Ч.Санжаадамба сэтгэл санааны бэлтгэл сайтай бол амжилттай барилдаж чадна” гэсэн юм.
М.Ууган-Эрдэнэ
Гэрэл зургуудыг Ц.МягмарсҮрэн
One reply on “Улсын ахлах засуул Ж.Пэрэнлэй гуайнд өнжлөө”
lovedoll, Carrere was Chinese American in Wayne’s World or their racial identities remained unaddressede., Basco as Rufio in Hook, I did not know for certain that they were Filipino American like me.