Иргэн Б.Саранцэцэг, Б.Цэндсүрэн нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэдний хөвгүүд болох Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг 2013 оны есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө цагдаагийн ажилтан мөрдөн байцаагч Молор-Эрдэнэд халдаж, дээрэмдэхийг завдсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтэнээр татсан аж. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаж, цагдаагийн ажилтнуудтай холбоотой хэргийг Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч нь шалгах журмын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мөрдөн байцаагч тэднийг шалгах болжээ. Энэ хэрэгт Л.Мөнгөнбаяр, Ш.Жамъянсүрэн нарыг буруутган, улмаар өнгөрсөн сарын 7-нд цагдан хорьсон байна. Одоогоор тэдний хөвгүүд хэрэг хийгээгүй хэмээн өлсгөлөн зарласан аж. Хүүхдүүдээ эргэхээр очиход “Хүүхдүүд чинь тэртээ тэргүй өлсгөлөн зарлаж байгаа юм чинь эргэж очиж хоол өгөх хэрэг байгаа юм уу” гэхчилэн доог тохуу хийн тавладаг юм байна. Мөн тэд олон өмгөөлөгчид хандсан ч “Цагдаа, прокурор нийлсэн хэрэг дээр ажиллахгүй” хэмээн цааргалдаг гэнэ. Ээжүүд цагдаа прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон, хохирч буй иргэдтэй нийлж холбоо байгуулах гэж буйгаа мэдээлсэн. Мөн Хууль зүйн сайдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг тэд хүсч байлаа.