Categories
мэдээ цаг-үе

Улсдаа мөнгө зээлүүлсэн Жон Морган

Жон Пирпонт Морган нь АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн том санхүүгийн вант улсыг байгуулж нэрээ мөнхөлсөн. Хариуцлагатай алба хашиж байгаагүй мөртлөө хамгийн их нөлөөтэй хүн байсан гэдэг. Тэрээр орчин үеийн банк санхүүгийн салбарын үйл ажиллагааны үндсийг тавьж, байгуулсан компаниуд нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Жон Морган удам угсаагаараа ихэд бахархдаг байжээ. Түүний өвөө Жон Паиерпонт нь Бостонд сүмийн номлогч, аав Жон Морган нь бизнесмэн байжээ. Тэрээр Америкийн компаниудын хувьцааг Европт худалдаж хөлжсөн. Чинээлэг гэр бүлд төрсөн гэдгээрээ Жон Морган ихэд бахархдаг байсан гэнэ. Эцэг нь хүүгээ багаас нь нэлээд хатуу гараар хүмүүжүүлсэн. Эрхлүүлдэггүй, гэр бүлийнхээ өмнө маш том хариуцлага хүлээсэн гэдгийг нь байнга сануулж, амжилтад хүрэх ёстой гэсэн шаардлага тавьдаг байв. Жон Морган 15 нас хүрсэн тэр өдөр нь хамгийн гунигтай явдал тохиолдсон хэмээн ярьдаг байжээ. Эцэг нь бие султай хүүгээ эмчлүүлэхээр Азорын арал руу явуулжээ. Хүү төрсөн өдрөөрөө аавынхаа илгээсэн захидлыг хүлээн аваад ихэд баярласан байна. Дугтуйг задлан гүйлгэж уншаад өөрийн эрхгүй уйлав. Эцэг нь хүүдээ эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөөд хичээлдээ нэлээд хоцорсныг нь сануулж, ангийнхаа хүүхдүүдээс хоцрохгүйн тулд маш их хичээх хэрэгтэй гэдгийг нь анхааруулсан байжээ. Захидалд төрсөн өдрийн мэнд хүргэсэн нэг ч үг байгаагүй гэдэг. Жон Морганы ээж нь татдаг өвчтэй угийн бие муутай байсан тул хүүхдээ бараг анхаардаггүй байв.

Жон Морган уушгины үрэвсэлтэй, толгой нь таллаж өвддөг, хааяа татаж унана. Гэсэн ч сэтгэлээр унадаггүй, хөгжилтэй, хичээлдээ ихэд мэрийлттэй, амьтанд хайртай хүүхэд байсан гэдэг. Тэрээр Геттингенийн их сургуулийг дүүргээд Нью-Йоркийг зорьжээ. Анх удаа бизнес хийхээр Номхон далайн шуудангийн компанийн таван хувьцааг худалдаж авсан боловч ямар ч ашиг олоогүй. Үүнийг аав нь эхнээсээ таашаагаагүй гэдэг. Залуухан Жон бууж өгсөнгүй ааваасаа мөнгө зээлж Мичиганы төмөр замын компанийн хувьцааг худалдан авч нэлээд ашигтай заржээ.

1861 онд АНУ-д иргэний дайн эхэлж, улс оронд тун ч хэцүү байхад Жон Морган нэлээд ашигтай бизнес хийж байв. Америкчууд хоёр тал болон талцан дайтаж байхад нэгээс нь зэвсэг, хувцас зэргийг авч нөгөөд нь зардаг. Үүнээс маш их ашиг олсон гэдэг. Удалгүй валют болон алтны наймаа эрхлэв. Нэлээд хэмжээний алт цуглуулж түүнийгээ Английн хөрөнгийн бирж дээр 1.15 сая ам.доллараар заржээ. Тэр үед Америкт алтны үнэ эрс өсч Жон Морган үлдсэнийг нь эх орондоо зарж, 17 хувийн цэвэр ашиг олсон гэдэг. Хамгийн хачирхалтай нь аав нь үүнд маш ихээр бухимдаж түүнээс холбоогоо тасалж, хамтарч бизнес хийхгүй гэжээ.

Америкт иргэний дайн ид болж байхад Жон Морган нэгэн бүсгүйтэй танилцсан байна. Төмөр замын салбарт бизнес эрхэлдэг нэлээд чинээлэг айлын охин болох Амели Стрегист дурлаж эцэг нь эсэргүүцсэн хэдий ч гэрлэжээ. Сэтгэлтэй бүсгүй нь сүрьеэтэй байсныг Жон Морган тоосонгүй. Гэрлэх ёслол дээр бүсгүй арай ядан хөл дээрээ зогсож байв. Эхнэрийнх нь бие муу байхад Жон Морган хажуугаас нь холдоогүй гэдэг. Гэтэл аав нь бизнесийн ажлаа зохицуулах хэрэгтэй хэмээн яаралтай дуудуулав. Тэрээр Парисыг зорьж ердөө нэг хоноод ирэхэд эхнэрийнх нь бие улам дордсон байв. Ингээд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жоныг хайр дурлал, нинжин сэтгэл бүхнээ түүнтэй хамт оршуулсан гэдэг.

Түүнээс хойш нэлээд хатуу бизнесмэн болжээ. Жон Морган нь “Американ Телефон энд Телеграф”, “Женерал Электрик”, “Интернэшнл Харвестер”,”Юнайтед Стейст Стил Корпорейшн”, “Вестингхауз электрик корпорейшн” ,“Вестер Юнион” гээд томоохон зургаан компанийг байгуулсан. Өнөөдөр ”J.P.Morgan” банкийг мэдэхгүй хүн бараг үгүй. Энэ банк санхүүгийн байгууллага нь дэлхийд хамгийн нөлөөтэй, АНУ-ын дөрвөн том банкны нэг нь.

Хайртай бүсгүйгээ алдсаныхаа дараа Жон Морган Америкт эргэн ирсэн. Хууч өвчин нь дахин сэдэрч, нэлээд хэцүү байсан хэдий ч өдөр шөнөгүй ажилласан гэдэг. Чухал мэдээлэл алдахгүйн тулд нийгэмд юу болж байгаа талаар нэг нэгэнгүй хянах болжээ. Бизнес нь ч улам хүрээгээ тэлж ганцаараа бүхнийг хянах боломжгүй больсон тул туслах хөлсөлсөн байна. Жон Морган холбоо, төмөр зам, тээвэрлэлт, мөнгөн гуйвуулга, ган боловсруулах гээд бүх л салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Амжилтад хүрсэн нэг шалтгаан нь өрсөлдөгчдөдөө ялагдана гэсэн ойлголт байгаагүй, маш хэрцгий байсан гэдэг. Санасандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй тэрээр удалгүй бизнесийн ертөнцөд хамгийн нэр хүндтэй хүн болов. Түүний бас нэгэн онцлог нь ямар салбарт ирээдүйтэй болохыг маш сайн мэдэрнэ. Чийдэнг бүтээсэн Томас Эдисон орон нутгийн захиргаанд хандан Манхеттений төвд гэрэлтүүлэг хийхийг санал болгожээ. Энэ төслийг Жон Морган дэмжин санхүүжүүлсэн. Түүгээр ч зогсохгүй өөрийнхөө харшийг цахилгаан чийдэнтэй болгов.

Олон улсын банкны харилцаа холбоог нэлээд сонирхдог байсан тэрээр энэ чиглэлээр маш их зүйлийг хийсэн. Эцэг нь нас барахад компанийнх нь бүх хувьцаа түүний мэдлийнх болж банк санхүүгийн салбарт ч улам идэвхтэй ажилласан. XIX зууны сүүлчээр Англи, Америкт нэлээд хэмжээний зээл олгож, мөнгөн гүйлгээ хийжээ. Түүнийг хийдэг цорын ганц санхүүгийн байгууллага нь Жон Морганы банк байв.

Харамсалтай нь түүний хувийн амьдрал нь тийм сайхан байсангүй. Хайртай бүсгүй нь нас барсны дараа Луиз Трейси хэмээх эмэгтэйтэй гэрлэж дөрвөн хүүхэдтэй болжээ. Гэвч эхнэртэйгээ таарамж муутай байв. Тиймээс уран зураг худалдан авч, цуглуулж, түүнээсээ сэтгэлийн таашаал авна. Микеланжело, Ватто, Рубенс зэрэг нэртэй зураачдын бүтээлийг авахад нийтдээ нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулсан гэдэг. Португаль гаралтай Белль да Коста Грин хэмээх нэлээд боловсролтой бүсгүй урлагийн бүтээл цуглуулахад нь хамгийн их нөлөөлжээ. Түүний ятгалгаар Жон Морган буяны ажилд нэлээд хөрөнгө хандивласан байдаг. Бидний сайн мэдэх “Метрополитен”-ийг Жон Морганы цуглуулгаар байгуулсан түүхтэй.

XIX зууны сүүлчээр Америк эдийн засгийн хямралд автаж, байдал нэлээд хүндэрсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид ч мөнгөө татаж эхэлжээ. Тэр үед АНУ-ын Сангийн сайд Жон Карлисл түүнээс тусламж хүсэхийн сацуу англичуудтай хуйвалдсан хэмээн буруутгав. Жон Морган ч нөхцөл байдлыг овсгоотойгоор ашигласан. Тэрээр улсдаа 62 сая ам.доллар зээлүүлж үүнээс хэдэн сая ам.долларын ашиг олсон байна. 1907 онд Америкт дахин санхүүгийн хямрал нүүрлэж, энэ нь бүх нийтийн эсэргүүцэл гарч, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн түүхтэй. Тэрээр арилжааны банкуудын үйл ажиллагааг дэмжихээр хэдэн сая ам.долларын хандив цуглуулснаар байдал намжсан байна.

Гэвч үүнээс таван жилийн дараа АНУ-ын Сенат Жон Морганы компанийн эсрэг монополийн эсрэг хэрэг үүсгэсэн юм. Хэргийг Улсын комисс хэлэлцэхэд Морган эцсийн мөч хүртлээ өөрийгөө буруугүй гэдэг дээр баттай зогссон байна. 75 настай байсан тэрээр дараа нь бүх ажлаа өгч Европт очиж амьдарсан. Түүнээс дөрвөн сарын дараа Жон Морган хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө “Миний хонгор Салли Вест” гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн. Ямар хүүхнийг дурссаныг мэдэхийн тулд охин нь мөрдөгч хөлсөлж баахан мөнгө зарсан байна. Харамсалтай нь мөрдөгчид юу ч олж чадаагүй. Харин гэрт нь хадгалагдаж байдаг хуучин захидлуудаас аавынхаа хүүхэд байхдаа Азорын арал дээр эмчлүүлж байхдаа бичсэн захидлаас нь энэ үгний учрыг олдсон гэдэг. Тэр үед Жон Морган 14 настай байсан. Өвөөдөө бичсэн захидалдаа нэгэн Канар бялзуухайны зургийг хавсаргаж доор нь “Энэ бол миний хонгор Салли Вест. Түүний ачаар би энд ганцаардахгүй байгаа. Хайрт өвөө минь би гэртээ харимаар байна. Ээж, аав хоёрт маань хэлээд өгөөч. “гэжээ.

Жон Морганыг нас барсны дараа хүү Жон нь “J.P.Morgan & Co” компанийг өвлөн авч Уол-Стрийтэд банкныхаа барилгыг бариулсан түүхтэй. Өнөөдөр энэ гудамж нь дэлхийн банк санхүүгийн төв гэгдэх болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *