Categories
мэдээ нийгэм

Улс төрч эмэгтэйчүүд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар санал солилцлоо

Өчигдөр Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд цуглаж нийгмийг цочроогоод байгаа халуун сэдэв болох хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар санал бодлоо солилцлоо.

Уг зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн, Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Амарзаяа, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон НАМЭХ-ны УЗГ, ХХГ байлаа. Мөн АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, МАХН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн асан Д.Удвал, З.Баянсэлэнгэ нарын 14 намын 30 гаруй эмэгтэйчүүд оролцож байр суурь үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Уулзалтыг хөтөлж удирдан ажилласан НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Өнөөгийн үүсээд байгаа нийгмийг цочроож байгаа асуудалд эмэгтэйчүүд бид эх хүн, ээж хүний байр сууринаас улс төрийн нам харгалзахгүйгээр нөхцөл байдалд бодитой хандаж, санал бодлоо нэгтгэн гарц шийдлийг олж хамтран ажиллая гэж энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Бид юу хийж чадах вэ, юуг хийснээр хүчирхийллийг бууруулж болох вэ, гэдгийг хамтдаа хэлэлцье. Хүчирхийллийн гэмт хэрэг өөрөө их нарийн эмзэг асуудал. Ихэнхдээ гэр бүлийн хамаарал бүхий орчинд үйлдэгддэг. Тиймээс бид улс төрийн оноо авах гэж, олон нийтийн анхаарлыг татах гэж энэ асуудалд хандаж болохгүй юм” гэлээ.

Тэд үзэл бодлоо илэрхийлэх явцад эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг нэгдэх цаг нь болсон гэдгийг онцолж, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсанд талархал илэрхийлэн үр дүнтэй ажиллахыг санал болгосон байна. Мөн эцэг эхийн хариуцлага, анхаарлыг нэмэгдүүлэх, цаашид аавуудыг татан оролцуулах тэдэнтэй хамтрах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, боловсрол хүмүүжил, хүний хөгжил хамгааллын асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх, эрх зүйн зохицуулалтын гажуудлыг засаж залруулах, зэрэг нь хүчирхийллийг бууруулахад онцгой нөлөөтэй гэж үзсэн юм.

Харин энэ төрлийн гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн хамаарал бүхий орчинд үйлдэгддэг учраас бодлогогүй аливаа нэг шийдвэр гаргалт гэмт хэргийг далд хэлбэрт шилжихэд нөлөөлж болзошгүй гэдэгт санал нэгджээ.

Энэ сарын 29-нд НАМЭХ-ноос “Гэр бүл, хүүхэд хамгаалал” сэдэвт үндэсний хэмжээний чуулга уулзалт зохион байгуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *