Соёл, урлагийн газраас улс, орон нутгийн музейн сан хөмрөгт үзмэр худалдан авах ажлыг 2017 оны 11-12 дугаар сард зохион байгуулахтай холбогдуулж музейнүүдээс 2017 онд худалдан авах үзмэрийн санал, холбогдох баримт бичиг, гэрэл зургийг хүлээн авч нэгтгэв.
Монголын Үндэсний музей, Монголын Театрын музей, Богд хааны ордон музей, Дархан-уул аймгийн музей, Хөвсгөл аймгийн музей, Ховд аймгийн музей, Чойжин ламын сүм музей, Увс аймгийн музей, Төв аймгийн музей, Завхан аймгийн музей, Хэнтий аймгийн музей, Архангай аймгийн музей, Хархорум музей, Сүхбаатар аймгийн музей, Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй байгалийн музей, Баян-Өлгий аймгийн музей, Байгалийн түүхийн музей, Дорноговь аймгийн музей, Дундговь аймгийн музей зэрэг 19 улс, орон нутгийн музейгээс 200 нэр төрлийн 540 гаруй эд өлгийн зүйл, түүх соёлын дурсгалт зүйлийг худалдан авах санал ирүүлээд байна.
Худалдан авахаар ирүүлж буй эд өлгийн зүйлсийн ихэнх хувийг түүх, угсаатны эд хэрэглэлийн зүйлс хувцас, чимэглэл, сав суулга, ваар, хөөрөг, хэт хутга, аяга, монгол гутал, дарханы багаж, мал аж ахуйн тоног хэрэгсэл эзэлж, түүний дараа амьтны чихмэл, араг яс эзэлж байгаа бөгөөд саналд ирүүлээд буй эд өлгийн зүйлсийн түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдлыг тогтоолгох зорилгоор БСШУСЯ-ны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлд хүргүүлээд байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад музейн үзмэр худалдан авахад зориулж 285,8 сая төгрөгийг хуваарилсан.