Хотын гудамж,
талбайд улиасны унгирал буюу цагаан хөвөн энд тэндгүй хийсч хүмүүсийг бухимдуулж
байна. Хаа сайгүй хийсэх унгирал хүний биед хүрэхэд ирвэгнүүлэх л мэдрэмж түрүүлдэг
байна. Харин хүмүүс нүдэнд харагдах унгирлаас болж харшил хөдөлж байна хэмээн андуурдаг
ажээ. Хотын гудамжаар хийсэх хөвөнг хүмүүс ад үзэж байхад багш Д.Сэрдарам фэйсбүүк
хуудаснаа хүмүүст хандан хөвөнг тарих уриалга гаргасан юм. Тэрээр “Та бүхэн хөвөнгөөс
залхаж байна уу. Энэ хөвөн луулинаас хамаагүй бага харшил өгдөг. Ер нь бараг харшил
өгдөггүй гэх үү дээ. 27-ны усалгаанд явахдаа бүгдээрээ гялгар уутанд хөвөн цуглуулаад
ирээрэй. Бид түүнийг хээр аваачиж тарина. Гялгар ууттай Тополиный пух-ын хэмжээгээр
та нарт зайрмаг авч өгнө” хэмээн бичжээ.
ШУТИС-ийн
багш, дэлхийн энхийн их наадмын төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Сэрдарамтай
уриалгынх нь талаар ярилцлаа. Тэрээр “My club” клубийн тэргүүнээр ажиллаж, мод тарих
олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа юм.
-Та уриалгынхаа
талаар яриач?
-“My
club” клубийнхэн хагас сайн өдөр болгон тарьсан модоо услахаар усалгаанд явдаг юм.
Хүүхдүүд шатааж тоглоод байдаг хөвөнг уутаар цуглуулаад ир. Тэрийг замдаа элс байгаа
голын тохой газруудад булчихъя гэж бодоод байгаа юм. Энэ хөвөнг ингэж хог болгож
байхаар хээр аваачаад тарьчихъя гэж уриалж байна.
-Улаанбаатар
хотод улиас мод их байдаг байх аа?
-Оросууд
Монголд олноороо байсан 60-аад оны үед Улаанбаатарт Сибирийн цагаан улиас оруулж
ирээд тарьсан байдаг юм. Энэ нь маш хурдан ургадаг мод. Улаанбаатар хот ямар ч модгүй
байсан учраас моджуулах гэж тарьсан байдаг. Монголд дасан зохицоод хамгийн сайн
ургасан. Улаанбаатар хотын гол өнгө үзэмжийг хийдэг, муу нэртэй мод. Харшил үзүүлдэггүй
гэж мэргэжлийн эмч нар хэлдэг юм билээ. Би эмч биш л дээ. Оросод энэ мод маш их
байдаг ч оросууд хөдөө хээр тарьдаг юм. Энэ мод 120-130 жил насалдаг. Бас Ховд,
Улиастайд Манжийн үед их тарьдаг байсан юм билээ. Хотод уг нь ийм мод тарих ёсгүй.
Маш гоё үзэмжтэй, бутлаг ургамал сонгох шаардлагатай байдаг. Шинэс, гацуур, хайлаас
таривал илүү их хотын эко цэцэрлэгжүүлэлт болно. Одоо бол хотод улиангарууд хог
болчихдог болж. Гэтэл оросууд үүнийг арчлаад хайрлаад их гоё ургуулдаг. Унгирал
л хамар, ам руу орж ирээд байдаг болохоор хүмүүс ад үзээд байдаг юм шиг байна лээ.
-Таны уриалгыг
хүмүүс хэр дэмжиж байна?
-Манай группийн
оюутнууд усалгаанд явахдаа ууттай хөвөнгөө аваад ирнэ. Би зөрүүлээд зайрмаг аваад
өгнө гэж тохирсон. Тэрийг нь 100 метр газар булчихъя гэж бодоод байгаа юм.
-Арчилгаа,
усалгаа бага ордог мод юм уу. Хөвөнг яаж тарих юм бэ?
-Хөвөнг үр
тарьж байгаа юм шиг л булчихна. Энэ өөрөө их тэвчээртэй мод. Усалгаа шаардахгүй
өөрөө ургачихна. Гудамжаар явж байгаад атга хөвөн аваачаад хашаандаа тарьчихвал
ургачихна шүү дээ. Мэдээж байшингаасаа хол ургуулах хэрэгтэй.
Унгирал хүний
биед харшил өгдөг эсэхийг “Эозинфилия” харшлын эмнэлгийн эмч Д.Батжаргалаас тодрууллаа.
-Харшлын
оргил үе хэзээ эхэлдэг вэ?
-Ер нь тавдугаар
сараас есдүгээр сар хүртэл ургамлын харшлын үе явагддаг. Тавдугаар сараас зургадугаар
сарын 20-ны хооронд модны тоосжилтын үе буюу улиас, хайлаас, бургас, нарс гэх модны
тоосжилт явагдана. Зургадугаар сарын 20-оос долдугаар сарын 20 хүртэл бутлаг ургамал
буюу өвсний төрөл болох согоовор, ерхөг, арвай гэх ургамлууд тоосоо гүвдэг. Долдугаар
сарын 20-оос хогийн ургамал буюу шарилж, буйлны тоосжилтын үе явагддаг. Тэгэхээр
яг энэ үед ургамлын тоос агаарт байж байдаг. Яг энэ үед улиаснаас харшилтай, модлог
ургамлаас, шарилжнаас харшилтай хүмүүс ямар нэг байдлаар харшил нь хөдлөөд яваад
байдаг юм.
-Улиасны
унгирал хүний биед харшил өгдөг үү?
-Монголын
харшил судлалын нийгэмлэгийн судлаачид “Улиасны хөвөн хүнд харшил өгөөд байна уу”
гэдгийг судалгаа хийж үзсэн. Унгирлын уургийг шинжилж үзэхэд харшил төрүүлэх хэмжээний
уураг байхгүй гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, хүнд харшил өгдөггүй гэдэг нь
шинжлэх ухаанаар нотлогдчихсон зүйл. Унгирлыг агаарт хийсч эхлэх үед модлог ургамал
зэрэгцээд тоосоо гөвж байдаг. Хүмүүс нүдэнд харагдаж байгаа цагаан хөвөнд л буруу
өгөөд байгаа. Энэ хөвөн хамар руу орох, энд тэнд хүрэхэд эрвэгнүүлэх, загатнуулах
мэдрэмжүүдийг л өгдөг нь хүмүүст төвөгтэй байдаг байх.
-Одоо удахгүй
шарилжны харшил хөдлөх гэж байгаа юм байна. Тэр үед дархлаагаа дэмжих ёстой юу?
-Ер нь долдугаар
сарын 20-оос шарилжны тоос ууршчихсан байдаг учраас харшил ихээр хөдөлдөг. Хүмүүс
хэт дархлаа суларснаас болоод харшилтай болчихлоо гэж ойлгоод байдаг. Гэтэл тийм
биш. Хүний биеийн дархлаа тэнцвэрт байдал алдагдаад ирэхээр гаднаас орж ирж байгаа
зочруулуудыг хэт мэдрээд өвчин үүсэх шинж чанараа хадгалаад явдаг. Гэтэл манайхан
дархлаа суларчихсан гээд дархлааны эмнүүдийг хэрэглээд яваад байдаг. Энэ нь хэт
мэдрээд байгаа зүйлээ дэмжээд байна гэсэн үг. Харшил хөдлөөгүй өвөл, хаврын үед
дархлаагаа дэмжих зорилгоор дархлааны эмнүүдийг хэрэглэж болно. Тэгэхээр энэ үед
ямар харшилтай байна вэ гэдгээ мэдэхийн тулд мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ оношилгоогоо
хийлгэж, харшлын сорилыг тавиулж үзэх хэрэгтэй. Сорилоо тавиад оношлуулчих юм бол
миний харшил таван сарын сүүл, долоон сарын эхээр эхлэх юм байна гээд мэдээд авчихвал
харшил хөдлөхөөс нь урьдчилан сэргийлж болно. Эмч дээрээ ирж зөвлөгөө авч, харшил
хөдлөх үедээ шинж тэмдгийн эмчилгээг хийлгэх бүрэн боломжтой. Манайхан сургаар бие
биенээ эмчилж, эмийн сан дээр очоод харшил хөдөлчихлөө гээд дураараа эм хэрэглэж
явж байгаад нөгөө харшлаа хүндрүүлдэг тал бий.
С.Ариун