ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгээс өнөөдөр “Ажлын байрыг минь буцааж өгөөч” тайван жагсаал зохион байгуулав.
Тус хүрээлэнгийн байрыг Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 23-ны 270 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ. Уг тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос Засгийн газарт хүргүүлсэн байна. Мөн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн 50 жилийн хугацаанд хуримтлагдсан Монгол орны геологи, палеонтологийн баялаг олдворуудыг байршуулах музей бариулах хөрөнгө зардлыг 2019 оны улсын төсөвт тусгах, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтын оффшор дансанд нуусан валютыг нэн даруй хураан авч ШУА-ийн тэргүүлэгчдийн газар болон, харьяа хүрээлэнгүүдийн шинэ барилгуудыг бариулж эхлэхийг шаардсан ч хариу ирүүлэгүй байна. Тиймээс уг шаардлагын хариуг нэхэж өнөөдөр Палеонтологи, геологийн хүрээлэнгийн гадна талбайд тайван жагсаал зохион байгуулж байгаа аж. ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдийн 2000 гаруй эрдэмтэн энэ жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж, гарын үсэг зурсан байна.
Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос ирэх сарын 10-нд “Үлэг гүрвэлийн цурхираан” жагсаалыг төв талбайд зохион байгуулах аж. Уг жагсаалд гарын үэсэг зурсан бүх эрдэмтэн оролцоно хэмээн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтан Г.Алтансүх хэллээ.