Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улайсгасан төмрөөр хайрч тамгалах нь мал тамлаж байгаа хүнлэг бус зан үйл юм

Монголчууд өөрсдийгөө таван хошуу малын буян хүртэж байгаа ард түмэн гэж ярьдаг. Сүүлийн үед малчдын буянт малдаа хандаж байгаа хандлага, хоцрогдсон зан үйл зэргээс хараад байхад монголчууд малын хараал хүртэхээр болжээ гэж бодоход хүргэв. Шуудхан ингэж хэлэх болсон хэд хэдэн шалтгаан байгаа юм. Дээр нь нэмэхэд малчдын хувийн өмч болсон таван хошуу малыг хамгаалдаг хуультай болж, малчдыг хариуцлагатай, хүнлэг болгох шаардлагатай байна.

АДУУГ ТАМГАЛАХАА БОЛИОД ЧИП, GPS СУУЛГАДАГ БОЛСОН

Жил бүрийн намар аргын тооллын бар өдөр адуутай айл болгон унагаа тамгалдаг. Ингэхдээ өөрсдийн учир бэлгэдэл болсон янз бүрийн хэлбэр дүрс, утга санаа агуулсан тамга хэмээн нэрлэх төмрийг галд час улаан болтол нь улайсгаж байгаад унаганы хаа, гуя, зоон дээр шархийтэл дарчихдаг. Улайсгасан төмрөөр хайрч, үс, арьсыг нь түлж таних тэмдэгтэй болгож байгаа нь амьтныг тамлаж байгаа нэг хэлбэр. Мөн эм тэмдэг гээд янз бүрийн хэлбэр дүрс гаргаад чихийг нь хайчилдаг. Үүнийгээ сайхан үйл хийж байгаа мэт малчид төдийгүй, хүнлэг чанартай, соёлч боловсон гэгддэг төрийн түшээд, хууль санаачлан батлах эрх мэдэлтнүүд бие биеэсээ өрсөн цахим хаягтаа “Унагаа сайхан тамгаллаа. Тод гарсан байна уу, манайхан” гэж тамгалсан унаганыхаа зургийг тавьж сайрхан гайхуулахыг нь яана.

Мал тамлах зан үйл үүгээр дуусахгүй, цааш хөвөрч өгнө. Хавар эхээс төрөөд хоёр сар болоогүй нялх ишиг, хургаа хөнгөлнө гэж хэцүү зан үйл бий. Ингэхдээ засаачин гэх нөхөр тусгайлан бэлтгэсэн төмөр хутгаар зүсч, төмсгийг нь суга татаад авчихдаг. Зүссэн арьсаа эргүүлэн гараараа чимхэж наагаад “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан эдгэх болтугай” гэж хэлээд шүлсээрээ түй гэж нулимаад л болчихож байгаа юм. Бяруу, үрээг хөнгөлөхдөө хүртэл ялгаа байхгүй. Малд бага хэмжээний мэс ажилбар хийж байгаа мөртлөө зүссэн шархыг ариутгана гэх ойлголт огт байхгүй. Бүр нөгөө малаа хорлож байгаа юм шиг олон мал хөнгөлж, өтөг бууц, шороо болж бохирдсон хутгаараа хэдэн зуугаар нь хөнгөлдөг. Үүнээс болоод хөнгөлүүлсэн малын зүсэлт хийсэн хэсэгт бохир орж хавдаж, өт батганадаа баригдчихаад байхад малчид огт тоохгүй. “Хөнгөлсөн хэдэн үрээ хойд энгэрт бүрзийчихсэн зогсож байна” гэж ярина. Үнэндээ шарх нь бохирдсоноос болж хавдаж, халуураад явж чадахгүй болчихоод зогсож байгаа юм. Монгол зэрэг цөөн хэдэн оронд энэ мэт хоцрогдсон аргаар малаа хөнгөлж байна. Гэтэл барууны орныхон хөнгөлөх гэж байгаа малаа тариа хийж унтуулаад тусгайлан бэлтгэсэн бодисоор ариутгасны дараа хөнгөлж байна.

Мөн малыг тамлаж, шалзлан байж таних тэмдэг хийх ямар ч шаардлагагүй болчихсон. Гаднын орнуудад бар код бүхий чип суулгаад л болчихдог. Чипээ уншуулаад л тухайн малын удмын сангийн мэдээлэл хүртэл гараад ирнэ. Хулгайч нараас урьдчилан сэргийлэх тал дээр ч асуудалгүй.

МАЛЫН ӨВЧИН ТАРААЖ, ОЛОН МЯНГАН МАЛ УСТГУУЛААД УЛСЫН ТӨСӨВ ХООСОЛЖ БАЙНА

Малчид өвөлжөө бууцаа сайн цэвэрлэж, үхсэн малынхаа сэг зэмийг мал эмнэлгийн аргаар устгалд оруулахгүй байгаагаас сүүлийн жилүүдэд гоц халдварт өвчин тасарсангүй. Малчдын буруутай үйлдлээс болж олон мянган малыг жил бүр устгалд оруулдаг гэсэн үг. Тусгай багаж хэрэгсэл, хувцас өмссөн мал эмнэлгийн ажилтнууд хэдэн мянган малыг буудаад гүнзгий ухсан нүхэнд хийж шатаагаад булж байна. Хэрэв малчид аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, хэнэггүй зангаа засч чадсан бол малын халдварт өвчний улмаас хэдэн мянган малыг устгаж, газарт булахгүй. Малчид ингэж хариуцлагагүй хандаж байхад хэн ч тэдэнд хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөдөг. Хариуцлага хүлээлгэх хуулийн заалт ч байхгүй. Хариуцлага хүлээлгэх нь битгий хэл улсаас хохирлыг нь барагдуулж устгалд орсон малынх нь тоогоор мал өгөх нь энүүхэнд. Нэг хүний буруугаас болж сум, аймгийн олон мянган малыг устгаж байхад хохирлыг нь улсын төсвөөс гаргаад л сууж байдаг. Үүнийг нь хэн ч асуудал болгодоггүй, нэг ч малчинд хариуцлага тооцдоггүй.

Дараагийн нэг харгислал гэвэл залхуугаасаа болж малыг өлсгөж, турааж алдаг явдал. Малчид зун, намартаа найр наадам хэсээд алга болчихдог. Отор хийж малаа таргалуулахын талаар яриад ч хэрэггүй. Зарим нь нэг ч боодол өвс бэлтгэж авалгүй өвөлтэй золгодог. Олон хавар нэгэндээ гэгчээр нэг л шөнө цас нэвсийтэл дараад орчихдог. Гаднаасаа хүйтэнд хайрагдаж, идэх өвс, тэжээлгүй болсон мал хэдэн өдөр болоод турж үхдэг. Хэрэв эзэн нь намартаа айраг, архи эргүүлж явахын оронд өвс тэжээл бэлтгэчихсэн бол мал үхэхгүй нь тодорхой. Төр засаг малчдыг залхуурлаа гэж шагнаж байгаа юм шиг улсын төсвөөр бэлтгэсэн өвс, тэжээлийг үнэ төлбөргүй хүргэж өгч, эрхлүүлдэг. Үнэн хэрэгтээ эд хөрөнгийнхөө эзэн нь юм бол хариуцлагатай байх ёстой шүү дээ. Хашаа хороо, саравчаа олигтойхон дулаалж янзлаагүйн улмаас мал хөлдөж үхдэг. Хотонд нь мал хөлдөж үхэж байхад малчин зуухныхаа бөөрийг улайстал гал түлчихээд дулаан гэртээ цээж нүцгэн сууж байдаг нь худлаа биш.

ЗУД БОЛНО ГЭСЭН ЦУУ ҮГЭНД ОЛОН МЯНГАН МАЛ НЯДЛАГДАХ БОЛОВ

Энэ намар мал, махны үнэ навс унав. Сүүлийн арав гаруй жил ингэж хэд дахин хямдарсан тохиолдол байхгүй. Махны үнэ хямдарч байгаа шалтгаан нь малчдын дунд “Энэ жил зуд болно гэсэн” гэх цуу яриа гарсантай холбоотой. Өвс тэжээл бэлтгэхээс залхуурсан малчид онд орохгүй байж магадгүй гэсэн мал болгоноо хийж байна. Малчдын залхуурлаас болж олон мянган мал мах болон хүнсний захын лангуун дээр зарагдахгүй хэвтэж байна. Зуд болно гэсэн цуу ярианы уршиг олон мянган малын хувь тавиланг хэрчиж орхилоо. Зөвхөн малчдын малдаа хүнлэг бус шуналын сэтгэлээр хандаж байгаа талаар товч дурдахад ийм байна.

Хүн, мал ялгаа байхгүй л байгалийн амьтан. Бурханы бүтээсэн бодгаль хийгээд бэлэг. Дэлхийн хүн төрөлхтөн зэрлэг амьтныг хамгаалах асуудлыг дээд зэрэгт тавьж байна. Хэрэв зэрлэг амьтныг агнах, тамлаж зовоох юм бол өндөр төлбөр төлж, хорих ялаар хүртэл шийтгүүлж байна, зарим улсад. Зэрлэг амьтныг ингэж хамгаалж байхад хэдийгээр хэн нэгний хувийн өмч ч гэсэн малд яагаад ингэж хатуу харгис хандах ёстой гэж. Социализмын үед малыг тэнэгүүд малладаг гэж үздэг байв. Тэр үед ямар ч мэдлэг боловсролгүй, сургуульд огт явж байгаагүй хүмүүс мал дээр гардаг байлаа. Тэгвэл өдгөө мал адгуулж хариулж, маллана гэдэг тэнэг хүний хийдэг ажил биш. Мал хариулахад боловсрол хэрэгтэй.

Оюун ухааны өндөр хөгжилд хүрч, бүх зүйлс боловсронгуй болсон өнөө цагт амьдралын эх үүсвэр болсон малаа тамлан зовоож, харгис зан үйлээр хандаж байгааг хуулиар зогсоох хэрэгтэй байна. Мал хувийн өмч мөн ч гэсэн байгалийн амьтан. Тиймээс мал аж ахуйн хариуцлагын хууль батлагдах хэрэгтэй байгаа нь амьдралаас урган гарч байна. Хуулийг дагаж малчид хариуцлагатай болно. Үүнийгээ дагаад бусармаг, үеэ элээсэн хуучинсаг зан үйл болон арга барил ор мөргүй алга болох юм. Хууль батлагдсанаар бусад зэрлэг амьтантай ялгаагүй адилхан байгалийн амьтан болох таван хошуу малыг хамгаалж чадна. Өв уламжлалд ч бас бодож, засаж залруулах зүйл байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *