ОХУ-ын Москва хотын Улаанталбайд парад алхах бүрэлдэхүүн өнөөдөр ОХУ-ыг зорилоо. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тусгай автобусаар явах бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоц авна.
ОХУ нь жил бүрийн тавдугаар сарын 9-нд эх орны дайны ялалтын баярыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2010 онд 65 жилийн ойн баярын үеэр дайны үед холбоотон болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын цэргийн бүрэлдэхүүнийг анх удаа урьж оролцуулсан. Харин Монголын цэрэг анх удаа оролцохоор бэлтгэлээ хангаад ийнхүү ОХУ-ыг зорьж байна.
Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөсөн гэх мэдээ байна.
Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох ажээ. Парад алхах бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчнээс 63, Хилийн цэргээс 12 цэргийн алба хаагч байгаагийн 45 офицер, 25 ахлагч, 5 нь хугацаат цэргийн алба хаагч. Дээрхи цэргийн алба хаагчдаас 41 нь энхийг дэмжих ажиллагаанд 1-3 удаа оролцож байсан туршлагатай. Бие бүрэлдэхүүний 35 хувь нь Орос, Англи, Герман, Солонгос хэлийг зохих төвшинд эзэмшсэн байна. Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхана.