Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд өвөлжилтийн
байдал хүндэрсэн байна. Тус сумын нутагт 1500 гаруй аргаль, 400 гаруй янгир
байдаг аж. Байгалийн ховор ан амьтад бэлчээрээр гачигдсаны дээр ирвэс, чононд
идүүлчихээд байгаа тул байгаль орчны байгууллагатай хамтран давс хужир
хүргүүлэх ажил зохион байгуулж эхэлснийг сумын засаг дарга Ж.Силамбол хэлжээ.
Сумын хэмжээнд 200 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. Хөх-Адар, Хар ямаат,
Усай, Баянзүрхийн эх, Агуйт гэх газрууд их хэмжээний цастай. Бэлчээрээр
гачигдсан эдгээр өвөлжөөнүүдэд өвс тэжээл хүргэсээр байгаа ч хүрэлцэхгүй байгаа
ажээ. Малчид Даян нуур дахь хаваржаа руугаа нүүнэ гэхээр тэнд цас мөсний
хучлага тогтсон тул хоёрдугаар сарын 15-ныг хүртэл азнахыг сануулаад байгаа гэнэ.