Үндэсний статистикийн хороо, ЭМЯ, ХӨСҮТ хамтран энэ сарын 10-наас эхлэн улсын хэмжээнд “Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгаа”-г ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэй хамтран явуулахаар гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын зургаан сартайгаас 35 настай хүн амын улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцыг тогтооход энэхүү судалгааны зорилго оршиж буй аж.
Судалгааны үр дүнг улаанбурхан, улаанууд өвчний тархалтыг зогсоох, дархлаажуулалтын дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтөд ашиглах юм. Цаашид хүн амын дундах дархлал тогтцыг 4-5 жил тутамд тандан судалж нэмэлт дархлаажуулалт хийх, түүнд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгаж зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хүүхдийг ес ба 24 сартайд нь улаанбурхан гахай- хавдар улаанууд өвчний эсрэг сэргийлэх тарилгын хоёр тунгаар дархлаажуулж байгаа юм.
Монгол Улс 1973 онд улаанбурханы эсрэг сэргийлэх тарилгыг дархлаажуулалтад нэвтрүүлж нэг тунгаар хүүхдийг дархлаажуулж байсан бол 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулдаг болсон. 2009 оноос улаанбурхан-гахай хавдар-улаануудын эсрэг гурван цэнт хавсарсан вакциныг нэвтрүүлсэн. Монгол Улсын заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу хүүхдийг 9 ба 24 сартайд нь улаанбурхан-гахай хавдар-улаанууд өвчний эсрэг сэргийлэх тарилгын хоёр тунгаар дархлаажуулж байгаа юм.
2011-2014 оны хооронд Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй тул 2014 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос “Монгол Улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон”-ыг баталгаажуулсан юм.
Гэвч үүний дараахан 2015 онд бүх аймаг, хотыг хамарсан улаанбурханы томоохон дэгдэлт гарч, 15-35 насны насанд хүрэгчид, нэг хүртэлх насны хүүхдүүд илүүтэй өртсөн. Улсын хэмжээнд 2015 оны 5-6 дугаар сард 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдийг, 2016 оны 5-6 дугаар сард 18-30 насны хүн амыг тус тус хамруулан улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хоёр удаа зохион байгуулаад байна.