Монголчуудын сэтгэлд дотно үлдсэн “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Гочоогийн дүрийг бүтээсэн жүжигчин Сийзийн Ямаахүү таалал төгсчээ.
Сийзийн Ямаахүү 1949 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд тоглосон байна. Тэрбээр дэлгэцийн олон уран бүтээлд гэрлийн техникч, гэрэлтүүлэгчээр ажилласан бөгөөд 1994 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн хэд, хэдэн хорооны Засаг даргаар ажиллажээ.
Түүний зээ охин Фэйсбүүк хуудастаа “Энэ насаа Монгол Кино үйлдвэрт зориулж насаараа кино урлагт өөрийн авьяас, мэдлэг, чадвар, зүрх сэтгэлээ зориулсан Сийзийн Ямаахүү гэж хүн байлаа. Олон ч кинонд гар бие оролцож, заримд нь дүр бүтээж амжсанаас хүмүүсийн хамгийн их таньдаг нь “Улаанбаатарт байгаа миний аав” киноны бяцхан хүү Гочоо байсан. Кино зураг авалтад явахдаа бяцхан зээгээ дагуулаад явдаг байсан нь Би! ” хэмээн бичжээ.