Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын өвлийн наадам ирэх сард болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн өвлийн наадмыг хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 2010 оноос хойш хийж ирсэн“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг энэ удаа “Скай ресорт” цанын баазтай хамтран зохион байгуулах талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх мэдээллээ. Өвлийн наадмаар үндэсний уламжлалт тоглоом наадмын нэг сурын улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн мөсний шагайн тэмцээн болно. Мөсөн хананд авирах, нохойтой чарга, сноуборд, олс таталт зэрэг иргэдийг хамруулсан гэр бүлийн тэмцээнүүд зохион байгуулж нийслэлийнхнийг өргөнөөр оролцуулах ажээ. Энэ үеэр иргэдэд халуун хоол хүнсээр үйлчилж, амьтны минипарк зэрэг хүүхэд залуусын сонирхлыг татах үйл ажиллагаанууд ч зохиох юм байна. Өвлийн спортоор хичээллэх нь нэгэн төрлийн эмчилгээ болдог бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг дэмжин, биеийн тэнцвэрийг сайжруулах, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, эрүүл хооллох дуршлыг нэмэгдүүлэх, сэтгэл санааг сэргээх, гүн унталтыг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *