Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар түншлэл 2018 олон улсын үзэсгэлэн, худалдаа нээлтээ хийлээ

Үндэсний бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулж дотоодын ААН-үүдийг дэмжин, хамтын ажиллагааны талбар бүрдүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2018” 43 дахь удаагийн Олон Улсын үзэсгэлэн худалдаа 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Мишээл ЭКСПО” төвд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд “Ази Номхон далайн орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимууд” (CACCI)-ын дээд хэмжээний чуулга уулзалтын зочид, төлөөлөгчид оролцож байгаа нь онцлог үйл явдал болж байна.

НЗДТГ, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд Хонконг, Тайвань, Пакистан, Солонгос зэрэг орнуудын бизнес эрхлэгчид болон дотоодын 80 гаруй ААН-үүд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн шинэлэг бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, хамтран ажиллахаар сонирхож буй хэн бүхэн “Улаанбаатар түншлэл-2018” үзэсгэлэнг зориорой гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ эдийн-засаг

“Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн худалдаа болно

Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдгээрт хамтын ажиллагааны талбар бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 6-9-нд “Мишээл экспо” төвд болно.

МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнгийн энэ жилийн онцлог нь оролцогч аж ахуйн нэгж, сонирхсон үйлчлүүлэгч бүрт банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх компаниуд үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөө өгч, B2B уулзалтуудыг зохион байгуулж буйд оршиж байна..

Үзэсгэлэнд хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн 80 гаруй аж ахуйн нэгж, компани оролцох бөгөөд ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, гар урлал, бэлэг дурсгал, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, техник хэрэгсэл болон үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүний шинэлэг төрлүүдийг дэлгэн танилцуулах юм. Мөн Тайванийн 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, эмнэлгийн болон цахилгаан тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжөө танилцуулна. Мөн үеэр оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал, сугалаат худалдаа явуулах юм.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс 15 номинацаар шалгаруулна. Эдгээр нь Онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн, Онцлох экспортын бүтээгдэхүүн, Шилдэг импортын бүтээгдэхүүн, Импортыг орлох онцлох хүнсний бүтээгдэхүүн, Дэвшилтэт технологи ноу хау нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд, Олон улсын стандарт хэрэгжүүлэгч, Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, Grand Prix гэх мэт номинац байна.

“Улаанбаатарын Түншлэл-2018” үзэсгэлэнг зохион байгуулснаар ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих, сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 70109090, 90091979

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *