Төмөр замын дээрмийн асуудлаар тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийлээ.
Southgate компанийн Гүйцэтгэх захирал Б.Батболд “Southgate компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Улаанбаатар төмөр замын шилжүүлэн ачих талбайд гурван жилийн өмнөөс нурмаг ачааны гаалийн хяналтын бүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гаалийн хяналтын бүс гэдэг нь өөрийн гэсэн хашаа хороо, харуул хамгаалалт, камержуулалттай бөгөөд экспортын бүрдүүлэлт хийхэд туслах үйл ажиллагаа эрхэлдэг. Нурмаг ачаа нь нүүрс, төмрийн хүдэр, жонш гэх мэт экспортын задгай ачааг хэлдэг. Бидний үйл ажиллагааны чиглэл нь вагоноор ирсэн нүүрсийг Замын-Үүдэд буулган автомашинд ачиж өгөх үйлчилгээг үзүүлдэг.
Түрээсийн гэрээгээ сунгуулах хүсэлтээ өгөхөд Улаанбаатар төмөр замаас бидэнд албан бичиг ирүүлсэн ба үүнд түрээсийн нэг м.кв 50 төгрөг байсныг 7000 төгрөг болгож буйг мэдэгдлээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бусдын адил л цар тахлыг даван туулж ажиллах гэж хичээлээ. Он гарснаас хойш цар тахал намжин, хил нээгдэх байх гэсэн итгэл найдвар сэргэж байв. Түрээсийн гэрээгээ сунгуулах хүсэлтээ өгөхөд Улаанбаатар төмөр замаас бидэнд албан бичиг ирүүлсэн ба үүнд түрээсийн нэг м.кв 50 төгрөг байсныг 7000 төгрөг болгож буйг мэдэгдсэн. Бид нурмаг ачаа буулгадаг учир том талбай буюу 11,4 га газар түрээсэлдэг. Өөрөөр хэлбэл 114 мянган метр квадрат талбай юм. Үүний нэг метр квадрат нь 7000 төгрөг болчихсон.
Уг нь Ерөнхий сайдын мэдэгдээд буй цар тахлын дараах сэргэлтийн бодлого, хөтөлбөрийг бид нааштайгаар хүлээн авч байв. Сүүлийн гурван жилийн хугацаанд муу ажилласан ч манай дээр 18,8 мянга орчин вагон буусан ба 770 мянган тонн нүүрс Замын-Үүдээр дамжин Эрээн рүү гаргасан. Өнөөдрийн эрчим хүчний нүүрсний үнэлгээгээр бодоход тэдгээр компаниуд 90 сая орчим ам.долларын экспортыг хийж Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулсан. Бидний харилцагч, тэрхүү компаниуд зүгээр ч шууд зөөхгүй, Чойрын гэх мэт өртөөнөөс Замын-Үүд хүртэл Улаанбаатар төмөр замаас заавал вагон түрээсэлдэг ба үүнд дунджаар 14,2 тэрбум төгрөгийн тээврийн орлогыг оруулсан. Эдийн засгийн сэргэлтийн бодлогод тус нэмэр болж байна гэж үзэж байна.
Ерөнхий сайд нь хөрөнгө оруулагч нараа татъя хэмээн уриалаад байхад дунд болон доод шатны дарга нар нь шинэ хөрөнгө оруулагч битгий хэл одоо байгаа гаднынхныг хөөж гаргах гээд байна.
Үүсээд буй бодит нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд, Зам тээврийн сайд, Улаанбаатар төмөр замын хяналтын зөвлөлд албан бичиг хүргүүлнэ. Түрээсийн зардлыг 147 хувь өсгөж болно, гэхдээ 14000 хувиар өсгөхөд ямар ч компани үйл ажиллагаа явуулах боломжгүй. Үүнийг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэсэн юм.