Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж байна. Хурлаар “Улаанбаатар Смарт карт” компанийн үйл ажиллагаатай танилцах, нийслэлийн тээврийн салбарын нөхцөл байдлын талаар санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг танилцуулга хийлээ. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өгөгдсөн чиг үүргийнхээ хүрээнд “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн баримт бичиг, гэрээнүүдийг судалж үзсэн байна. Ажлын хэсэг дараах дүгнэлтэд хүрчээ.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн программ хангамж гэрээнд заагдсан шаардлагын дагуу боловсруулагдаж дуусаагүй, картын хэрэглээ муу, бэлэн мөнгөөр хийгдэж буй төлөлтийн хэмжээ өндөр, хяналт сул зэрэг тулгамдсан асуудал байгааг ажлын хэсгийнхэн танилцуулсан. Мөн ажлын хэсгээс тодорхой хэд хэдэн санал гаргаж байлаа. Үүнд:
- Нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд зөвхөн цахим картаар зорчих боломжийг судлан үзэж, танилцуулах
- 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Дата карт консорциум” хооронд байгуулагдсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г ирэх оны эхний улиралд багтаан шинэчлэх
- Үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт олголт, түүнд тавих хяналтыг сайжруулах зэрэг хэд хэдэн санал танилцууллаа.