Үндэсний дээд лиг, МХБХ-ны цомын аварга багууд хүч үзэж, шинэ улирлын нээлтийг хийдэг. Супер цомын тоглолт өнөөдөр “Эрчим” болон “Улаанбаатар сити” багуудын дунд боллоо.
Анх удаа “Супер цом”-ын төлөө тоглосон “Улаанбаатар сити” багаас Б.Төгсбилэг /11’/, Ц.Түмэнжаргал /35’/ болон шинээр авсан тоглогчид болох Артур Коуасси /31’/, Шон Поуер /39/’ нар нэгдүгээр үед гоол оруулан гэнэтийн бэлэг барив. “Супер цом”-ыг анх зохион байгуулагдсан цагаас нь хойш зургаан удаа түрүүлээд байсан “Эрчим”-ийн залуус хоёрдугаар үед дөрвөн гоолын зөрүүг арилгах хүнд даалгавартай болсон юм.
“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим”-ээс Мотохиро Канаширо, С.Дорж нар хоёрдугаар үед гоол оруулан тооны харьцааг ойртуулсан ч үр дүнг өөрчлөхөд хангалттай цаг байсангүй. Тийнхүү “Супер цом”-ыг 2011 оноос хойш анх удаа “Эрчим”-ээс өөр баг өргөсөн нь “Улаанбаатар сити” клуб боллоо.