Монголын урлагийн зөвлөл соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг “Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг наадмыг энэ сарын 28-наас долдугаар сарын 13-ны хооронд Үлэг гүрвэлийн төв музей болон “Playtime” амьд хөгжмийн наадмын үеэр зохион байгуулах ажээ.
Тус наадмын албан ёсны ивээн тэтгэгч, хамтрагчаар Нидерландын “Стимулеринг” сан, ТodaysArt олон улсын медиа урлагийн наадам, “Төгөлдөр” сан, “Чингис” зочид буудал, “Гёте” институт, АНУ-ын Элчин сайдын яам, “ХАС” банк, дэмжигчээр “Mongolia Quest”, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, MN17 галерей тус тус ажиллаж, “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэж байна.
Энэ удаа “Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, технологи, урлагт хил хязгаар, орон зай, ялгаа үгүй гэдгийг харуулсан 8 медиа бүтээлийг Монголын болон АНУ, БНХАУ, Герман, Монгол, Солонгос, Тайваний 12 уран бүтээлч хамтран толилуулна. Мөн үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн уран бүтээлчид болон оюутан сурагчдад зориулсан медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалт, ярилцлагыг тус тус зохион байгуулах ажээ.