Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдана DNN.mn

Монголын урлагийн зөвлөл нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн 6 сард зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн наадмыг “Дархлах тун” буюу DIVOCCINATED сэдвийн хүрээнд 6-р сарын 16-23-ны хооронд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол дахь Гёте институттэй хамтран, Тайваны ардчиллыг дэмжих сан, Тайпэйн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.

Наадмын гол зорилго нь орчин үеийн дэвшилтэт технологийг шийдэлдээ оруулсан өвөрмөц дуу авианы найрлага бүхий медиа бүтээл, өрөг урлаг, видео, саунд зэрэг олон төрлийн хэллэг бүхий бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

Энэ жилийн наадмын онцлох уран бүтээлчээр Тайвань улсын орчин үеийн уран бүтээлч Ю-Хаог онцолж, Монгол уран бүтээлч Ротко-Ротко, Б.Үүрийнтуяа, Э.Цагаанцоож, Б.Мөнхдорж, Г.Энх-Амар нарын хамт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 6-р сарын 16-23-ны хооронд уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг гаргана.

Наадмын онцлох үйл явдлаар “Хөх нар” контемпорари урлагийн төвтэй хамтран 6 сарын 17-19-ний хооронд зохион байгуулж буй Дорноговь аймгийн Сайншанд сумруу аялах “Арт кемп” хөтөлбөрт Ё.Далх-Очир, Б.Бат-Эрдэнэ, Н.Сонинбаяр, С.Хулан,О.Цэнгүүн, Б.Төгөлдөр, Ж.Шижирбаатар, Д.Эрдэнэжаргал уран бүтээлчид оролцож байна. Сайншанд сумын төвд Ж.Анунаран, Э.Энхзаяа, Д.Отгонбаяр нарын уран бүтээлч үзэсгэлэнгээ толилуулах болно.

Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монгол дахь Гёте институт 6 дахь жилдээ ажиллаж байна. Гёте институт нь наадмын хүрээнд “Hybrid by Nature” олон улсын төсийн оролцогч медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэний бүтээлийг Богд Хааны Ордон музейд 6-р сарын 22-нд гаргах бол Герман улсын уран бүтээлч Али Демирелийн 360 дэлгэцийн “Concentric color field” бүтээлийг White Rock төвд 6-р сарын 23-нд олон нийтэд толилуулж байна.

Наадмын үзэсгэлэнгүүд “Улаан гэр” бүтээлч орон зайд уран бүтээлч Э.Жанцанхоролын “Дээгүүр доогуур” бүтээлээр үргэлжлэх бол үйл явцын турш уран бүтээлчид “Урлагтай яриа” өрнүүлж, хөгжмийн өнгөт ертөнцөөр DJ Хөх Жим (MMP), Номт, Demi Moors, Adrien de Ville нар аялуулах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *