Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын захирагч Азийн хөгжлийн банкны Зүүн азийн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал ноён Инду Бушан болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Аюуми Кониши, Монгол улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез болон бусад албаныхан оролцов.

Нийслэл хот нь Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”/BRT/-ийг хэрэгжүүлж байгаа юм. “Ухаалаг тээврийн систем”-ийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг байгуулан 2017 оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө эцэслэн гаргах, тус зөвлөх үйлчилгээ болон Төсөлд дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг 2017 оны арванхоёрдугаар сард зарлахаар төлөвлөн ажиллаж байна. Уулзалтын үеэр тус төслийн 1 дүгээр үе шатны зээлийн гэрээний хугацаа 2018 оны хоёрдугаар сарын 28-нд дуусах байсныг 2020 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл АХБ-наас сунгасанд хотын дарга талархал илэрхийллээ.

Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Орлогод нийцсэн орон сууцны төсөл зэргийг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын тусламжийн хүрээнд АХБ-тай хамтран 3 сая ам.долларын тусламжийг Японы ядуурлыг бууруулах сангийн эх үүсвэрээс авч төсөл хэрэгжүүлэхээр болсон. Хогийн цэг орчим амьдардаг иргэдийн амьжиргаа, орлогын эх үүсвэрийг хог хаягдлын менежменттэй уялдуулан шийдвэрлэх, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, мэдлэг олгох ажлууд явуулахаар төлөвлөж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Улаанбаатар хотын хэмжээнд авч хэрэгжүүлж буй бодлого, төсөл, арга хэмжээнүүдийн зорилт, явц, гүйцэтгэлийн талаар АХБ-ны мэргэжилтнүүдтэй байнга хамтран ажиллаж байгаа билээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *