Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдтэй хийсэн “Зөвлөлдөх уулзалт”-ын үеэр Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлуудын талаар гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Нийслэлийн удирдлагууд чухал цаг үед биднийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Улаанбаатар бол мегаполис том хот болсон. Хотын хууль эрх зүйн орчин, төсвийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хот бие даан хөгжих эрхээ хэрэгжүүлж, чөлөөт эдийн засагтай байх хэрэгтэй. Иргэнийг тойрсон бүх асуудал бол хотын асуудал. Эдийн засаг хямарсан гээд гараа хумихаад сууж болохгүй. Бид иргэдийнхээ захисан захиас, хэлсэн үгийг мартаагүй. Нийслэлийнхээ хөгжлийг цогцоор нь шийдэх ёстой. Дуу хоолойгоо нэгтгэж хамтран ажиллах болно.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улаанбаатар хотын өмнө тулгамдаад байгаа гол асуудлууд бол агаар, хөрсний бохирдол, ус, замын түгжрэл юм. Хөрсний бохирдлыг шийдэхийн тулд зайлшгүй хогны үйлдвэр барих хэрэгтэй. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл бол гэр хорооллын тэлэлт, түүхий нүүрсний хэрэглээ. Тийм учраас гэр хороололд бие даасан дэд бүтцүүдийг бий болгох тал дээр хотын удирдлагууд анхаарч ажиллаарай. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал бол хамгийн түрүүнд эхлүүлэх ажил. Мөн харгиа цэвэрлэх байгууламжийг шилжүүлж, Эмээлтийн бүсэд байгуулах ажлын ТЭЗҮ-ийг хийж, төслийн баг нь шалгарсан байгаа. Энэхүү ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Газрын харилцаанаас нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх бололцоо маш их байгаа. Орлогын томоохон эх үүсвэрийг бий болгож, нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. ТЭЗҮ хийсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Бүх өрхийн эмнэлгийг цэргийн технологиор бага зардлаар өргөтгөх боломжтой. Та бүхэн үүнийг судалж үзээрэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороод гацчихсан олон өрх байна. Эдгээр иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсч байна. Цаашид хамтран ажиллахдаа бэлэн байх болно.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Энэхүү уулзалт цаг хугацаагаа олсон зөв зүйл болж байна. Өнөөдөр хотын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол оршуулга болоод байна. Хатуухан хэлэхэд үхсэн, амьд хоёр нь газраа булаацалдсан байдалтай байна. Бид өвөг дээдсээ зөв оршуулж чадахгүй байна. Уриалгын чанартай зүйлүүдийг иргэдэд хүргэж, байгууллагуудын хаягийг босоо монгол бичигтэй болгож, монгол ёс заншлаа сэргээх хэрэгтэй. Энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна. Утаа, бөглөрөл гэхээсээ илүү сэтгэл, оюун ухааны бөглөрлийг арилгасан тохиолдолд замын түгжрэлийг арилгаж, утаагүй болж чадна гэдэг уриалгыг иргэдэд өгч ажиллана гэдэгт итгэж байна. Бид бүхний гарт Монголын тал хүний хувь заяа байна. Эдгээр иргэдийнхээ төлөө итгэлийг нь алдалгүйгээр ажиллах болно.
Нийслэлийн Засаг С.Батболд: Хэрвээ нэг хувийн татварыг хүчингүй болговол хот дахиад хэзээ ч татвартай болж чадахгүй. Аль ч улсад хотын татвар байдаг. Үүнийг хэвшүүлэх хэрэгтэй, заавал байх ёстой зүйл. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг дөрвөн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгасан байгаа” гэлээ. Мөн тэрээр бидний урилгыг хүлээн авч, анхны уулзалтад ирсэн нийт гишүүддээ талархал илэрхийлье. Энэхүү уулзалтыг хагас жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Нийслэлийн хөгжлийн төлөө Та бүхнийхээ дэмжлэгийг авч, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.