Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг тооцжээ
Хуралдаанд “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийн стратегийн танилцуулга”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хийлээ.
Улаанбаатар хотын Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах төслийн удирдах нэгжийн захиалгаар Мал тариалангийн эрсдэл судлах төв ТББ, ЖЭМР ХХК, Усны Эрчим ХХК-ийн хамтарсан зөвлөх баг Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ ба эрсдэлийн менежментийн стратеги боловсруулах төслийг бэлтгэжээ. Төслийн нарийвчилсан судалгааг хотын төвийн зургаан дүүргийн 1,2 сая хүн амьдардаг нутаг дэвсгэрт хийсэн бөгөөд барилга байгууламжийн нягтрал их болсон тул хотын төв дундуур урсдаг Сэлбэ, Улиастай, Туул голын болзошгүй үерийн хэмжээг 0,1 хувийн хангамшилтай буюу 1000 жилд нэг удаа тохиох, бусад газруудын хувьд 1 хувийн хангамшилтай буюу 100 жилд нэг удаа тохиолдох магадлалаар үерийн аюулыг үнэлсэн байна. Судалгааны дүнд Үерийн аюулын үнэлгээгээр Сэлбэ голын дээд хэсэгт, голын сав дотор хашаа байшин барьснаас үүдэн олон өрх айл болон 110 кВ-ын цахилгааны дэд станц усанд автахаар байгаа бол Сэлбэ голын Арслантай гүүр, түүний доод талын дулааны шугам бүхий явган гүүр үерийн усыг гаргах чадвар дутагдалтайгаас ихээхэн хэмжээний барилгажсан талбай усны халилтад өртөж болзошгүй байна гэсэн тооцоо гарчээ. Мөн Арслантай гүүрний үерийн усыг өнгөрүүлэх чадвар хангалтгүйгээс 0,1 хувь, 1 хувь, 2 хувийн хангамжтай үерийн ус шинэ цирк хүртэл хальж аюул учруулах магадлалтай байна гэсэн судалгаа байна.
Эдгээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн менежментийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд төслийн баг одоогийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд тулгуурлан эхний байдлаар стратегийн төслийг боловсрууллаа. Ингэхдээ Голын сав газрыг үерийн эрсдэлээс хамгаалах, үерийн дархлаатай хот болох, үерээс хамгаалах байгууламж байгуулах, хүн амын аюулгүй байдлыг хамгаалж, үерийн эрсдэлийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэх гэсэн таван чиглэлээр боловсруулалт хийжээ. Харин энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд 547,9 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг ажлын хэсгийнхэн тооцоолжээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд хэрэгцээ, шаардлагатай ажлын боловсруулалтыг цаашид үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Цөөн үгээр
-Хуралдаанаар Барилга хот байгуулалтын яамны захиалгаар боловсруулсан
Улаанбаатар хотын бүсчлэлийн төлөвлөлт, инженер-геологи, хөрсний норматив үзүүлэлтийг тогтоох судалгааны тайлантай танилцлаа. Уг тайланг хүлээж авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.
-“Архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг журам батлах тухай” асуудлыг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа танилцууллаа.
Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Тоон гарын үсгийн тухай хуулийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 523 дугаар захирамжаар “Сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх журам”-ыг батлуулан мөрдөж байна.
-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын танилцуулсан Улаанбаатар хотыг шингэрүүлсэн хийгээр хангах төсөлтэй танилцлаа. Уг төслийг боловсруулах ажлыг үргэлжлүүлэх үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.