Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо хуралдлаа

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордноо боллоо. Хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах болоод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн бэлтгэл ажил, “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, төсөв, татварын шинэчлэл хийх бодлого” буюу 5Т-ын зорилт, Хөшигийн нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хот, эдийн чөлөөт бүс байгуулах зэрэг олон талт асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Түр хороо байгуулагдсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн шинэчилсэн найруулгад гишүүдийн саналыг тусгаж, батлах үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхааран ажилласнаа тодотгосон. Мөн тэрбээр “Хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын статус буюу бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотоос ялгагдах тусгайлсан чиг үүрэг, удирдлага зохион байгуулалттай байхаар заасан. Хот эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг бүрдүүлэхийн тулд хуулиар олгосон чиг үүргээс нь хамааруулан улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, нийслэл хотын хөгжлийн сан бий болгох, үнэт цаас гаргах, концесс бонд олгох зэргээр төсвийн орлогоо бүрдүүлэх олон талт эх үүсвэртэй байх, төсвийн орлогыг бие даан захиран зарцуулах зохицуулалтуудыг тусгасан. Мөн Улаанбаатар хотыг олон төвт хот болгох, хүн амын болон дэд бүтцийн хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, эдийн засгийн тусгай бүстэй болохоор хуульчилсан” хэмээв. Түр хороо нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж батлуулаад орхих бус, хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэгт онцгойлон анхаарч ажиллана гэдгийг Түр хорооны дарга Э.Бат-Амгалан онцоллоо. Түр хороо хаврын чуулган хаахаас өмнө сар гаруйн хугацаанд эрчимтэй ажилласан бөгөөд цаашдаа Түр хорооны ажиллах хугацааг сунгаж ажиллах чиглэлээр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатайг мөн тодотгосон юм.

Хуралдааны явцад УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн хувьд бие даасан дагуул хотуудыг байгуулах нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах онцгой ач холбогдолтой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн чөлөөт бүсийг Хөшигийн хөндий орчимд байгуулах асуудлыг судлаад Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Зуунмод, Майдар, Хөшигийн хөндий гэсэн гурван хотын нэгдсэн төлөвлөлтийг хийж байгаа. Хууль эрх зүй, газрын харилцаа зэрэгт зөрчилтэй асуудлууд байгааг анхаарахын дээр дэд бүтцийн төлөвлөлтийг хийх нь зүйтэй. Дагуул хотоо түшиглэн дулааны станц, цэвэрлэх байгууламж байгуулах, аялал жуулчлалын бүстэй болох, оюутны хотхоныг дагалдуулж гаргах эсэх гэхчлэн нэгдсэн зохион байгуулалтад оруулахад Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын өнгө аясыг тодотгосон, хуулиар зохицуулж болохгүй зүйлийг дүрмээр зохицуулах үүд хаалгыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нээж өгсөн. Цаашид Улаанбаатар хот дүрэмтэй болно. Гаднын хот ямар байдаг тэр жишигт хүрэхийн тулд дүрмийг боловсруулах учиртай. Тиймээс нийслэлээс сонгогдсон 24 гишүүн, нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгч, дүүргийн төлөөлөгч нар хамтарч, иргэдийн дунд уулзалт, санал асуулга явуулна. Дүрэм боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан” хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгууллаа

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.28) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад 40 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нарын 23 гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

No description available.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, хариулт авсан. Дараа нь тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эл саналыг дэмжсэн тул төслийг дэмжих санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 39 гишүүний 51.3 хувь нь дэмжснээр “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

No description available.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Д.Өнөрболор нараас 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг танилцууллаа.

No description available. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *