Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Улаанбаатар хот тун удахгүй нэрийн хоолтой болно

Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “UB Food Festival” энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох аж. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д болох юм. Энэ талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин мэдээллээ.

Тэрбээр “Зүүн хойд Азийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр олон арга хэмжээ зохиогдож байгаагийн нэг нь энэ юм. Зорилтот аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “UB Food Festival” хувь нэмэр болно. Учир нь гадаадын томоохон хотууд өөрийн нэрийн хоолтой байдаг. Манайд зочилж байгаа гадны жуулчид “Нэрийн хоол байна уу” гэж лавладаг. Тиймээс гурав хоног үргэлжлэх өдөрлөгийн үеэр “Улаанбаатар шөл”, “Улаанбаатар хуурга” гэсэн хоолыг шалгаруулж, шилдгээр шалгарсан хоолыг нийслэл хотын нэрийн хоол болгоно. Энэ нь анх удаагаа зохиогдож буй тэмцээн тул тогооч нар маш идэвхтэй оролцохоор бүртгэлээ ирүүлж байгаа. Тэмцээнийг таван шүүгч шүүх бөгөөд 1-10 оноогоор дүгнэх болно. Өдөрлөг дууссан ч иргэд эдгээр хоолыг амтлахыг хүсвэл ялагч болсон тогоочийн ресторанд зочлох боломжтой. Бид тогоочид нэрийн хоол үйлдвэрлэх бүрэн эрхийг олгох болно” хэмээв.

“UB Food Festival”-ийн үеэр нийт 65-70 гаруй хоол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийг оролцуулахаар төлөвлөсөн байна. Одоогоор 50 гаруй байгууллага оролцох саналаа ирүүлжээ. Энэ үеэр гудамжны шилдэг хоол, шилдэг тогоочийг шалгаруулахаас гадна хүрэлцэн ирсэн зочид, үзэгчдын дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, “Зайрмагны баяр”, “Айрагны баяр” зэрэг уралдаан тэмцээн зохиогдох гэнэ.

Энэ талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшингөөс тодрууллаа.

-Өнгөрсөн жилүүдэд хоёр өдөр л үргэлжилдэг байсан шүү дээ. Энэ жил гурван өдөр болох нь ээ?

-Тийм. Яагаад гэвэл хоёр өдөр үргэлжлэхэд зарим иргэд оролцож чадаагүй гэхчлэн гомдолтой байдаг тул сунгасан. Ингэсэнээр олон хүн хамрагдаж, иргэд гэр бүлээрээ цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхэд туслах болох болов уу.

-Олон сонирхолтой тэмцээн зохиогдох байх. Өдөрлөг хэдээс хэдэн цагийн хооронд болох вэ?

-Эхний өдөр буюу энэ сарын 24-нд 13:00 цагаас эхэлж, 00:00 минутад дуусна. Энэ өдөр Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга тоглолт хийнэ. Мастер тогоочдын шоу болно. Мөн циркийн үзүүлбэрээс болохоос гадна амьд хөгжмийн хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ. Хоёр дахь өдрийн үйл ажиллагаа 12:00 цагаас 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрт тусгагдсанаар Ардын дууны тоглолт, “Аавтайгаа хамт” гэр бүлийг дэмжсэн тэмцээн, Бартендр шоу зэрэг нийт 17 төрлийн үйл ажиллагаа болно. Хамгийн сүүлийн өдөр мөн 12:00-аас 00:00 цаг хүртэл үндсэн хөтөлбөрүүдээс гадна задгай талбайн шоутай. Энэ өдөр Улаанбаатар хотын нэрийн хоолыг шалгаруулах юм. Мөн “Гэрийн эзэгтэй”, “Бяцхан тогооч” тэмцээн болохоос гадна хүрэлцэн ирсэн иргэд зөв хооллолтын талаарх үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. Жуулчдад зориулсан үндэсний хоолны өдөрлөг, Шоколадны баяр зохиогдоно.

-Оролцохыг хүссэн аж ахуйн нэгжүүдэд ямар шаардлага тавьж байна вэ?

-Хэтэрхий хатуу шаардлага тавихгүй байгаа. Мэдээж хэрэг мэргэжлийн хяналтаар шалгагдсан хүнс ашиглах ёстой. Өдөрлөгийн үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохих ёсны хяналт шалгалтыг цаг тухай бүрд нь хийх болно. Харин гэрэл, орчны эмх цэгц, иргэдийн аюулгүй байдлыг хамтран ажиллаж буй Соёл амралтын хүрээлэнгээс хариуцахаар болсон.

-Хоолны үнийн тухайд?

-Бидний зүгээс худалдаа эрхлэх хүмүүст бүтээгдэхүүнээ 1000-5000 төгрөгөөс хэтрүүлэхгүй үнэтэй зарах шаардлага хүргүүлж байгаа. Мөн ирсэн хүмүүс нэг л төрлийн хоол идээд байхыг хүсэхгүй тул байрлан ажиллах асар болгон өөр өөр төрлийн хоол худалдаалахыг зөвлөж байна.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын нэрийн хоолыг шалгаруулахдаа элбэг байдаг хүнсийг ашиглахаас хийхээс гадна үндэсний уламжлалт хэв шинжийг шингээсэн байх ёстой аж.

Б.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *