Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот олон төвтэй болчихвол түгжрэл буурна

Улаанбаатар хот олон төвтэй болчихвол түгжрэл буурна

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан, Замын цагдаагийн алба, СБД-ийн ЗДТГ хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, ЗЦА болон ТББ-ийн төлөөллүүд оролцлоо. Уг зөвлөгөөний гол зорилго нь Сүхбаатар дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор дүүргийн хэмжээнд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урт богино хугацааны төсөл хөтөлбөр батлахад оршиж байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сүхбаатар дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр онцгой анхаарал хандуулж, цаг зав гаргаж ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага олон нийтийн оролцоог идэвхжүүлэн мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, иргэдийн аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байгаа та бүхэндээ ажлын амжилт хүсье” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

-Хөдөлгөөний эрчим ихтэй, аюулгүй байдал сул байдаг учраас гол нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүрэг хамаардаг. Өнөөдрийн зөвлөгөөн олон талын ач холбогдолтой. Тухайлбал, нийслэл болон дүүргийн бодлогыг нэгтгэх, нэг алсын хараа, бодлоготой болж хийж хэрэгжүүлэх ажлын санал солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой болох юм. Улаанбаатар хотын хувьд замын хөдөлгөөний талаас төв байршилд маш олон төрийн байгууллага, засаг захиргаа, бизнесийн төвүүд, авто зам дагасан олон нийт, худалдаа үйлчилгээний төвлөрөл бий болсноор замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирч түгжрэл бий болж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хот бол нэг төвтэй. Бид ерөнхий төлөвлөгөөгөөрөө Улаанбаатар хотыг найман дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Одоо хоёр дэд төв нь хийгдээд явж байгаа. Цаашдаа Улаанбаатар хот хэд хэдэн дэд төвтэй болчихвол төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хамгийн том нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас түгжрэлийг ганцхан төрийн байгууллагуудын нүүснээр буурна гэж ойлгож болохгүй. Гол гол туслах замуудыг сайн барьж байгуулах хэрэгтэй. Холбоос замуудыг сайн хийх хэрэгтэй. Тийм учраас байшин хороолол болон гэр хороолол дундах орц гарцуудыг сайн чөлөөлөх хэрэгтэй.

Иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулах, тухайн зөрчилд хариуцлага тооцох зорилго бүхий E-police апликейшинийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат:

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах, бусад төрийн байгууллагууд, нутгийн захиргааны удирдлагуудтай хамтран ажиллах, ард иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаас ямар шинэчилсэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх вэ гэсэн талаас өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ зөвөлгөөн цаашдаа 6 дүүрэгт үргэлжлэн зохион байгуулна.

Өмнөх онтой харьцуулах юм бол зам тээврийн ослын улмаас болон бусад төрлийн гэмт хэргүүд тодорхой хэмжээгээр буурсан. Монгол Улсын хэмжээнд 2016 онд зам тээврийн ослын улмаас 550 хүн, 2017 онд 500 хүн нас барсан гэсэн судалгаа гарсан.

Иргэдэд анхааруулж хэлэхэд 2017 онд зам тээврийн ослын тоо маш их өссөн. Ялангуяа орон нутгийн замд зам тээврийн ослоор амь насаа алдсан хэрэг 2017 онд үйлдэгдсэн гэмт хэргийн 80-н хувийг эзлэж байна. Тиймээс зам тээврийн хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох хэрэгтэй.

Зун, өвлийн замын хөдөлгөөн өөр. Хүйтэн сэрүүний улиралд хөдөлгөөний хурдаа хоорондын зайнаас хамаарч сонгож явах, өвлийн дугуйгаа сольсон байх, орон нутгийн замд явах гэж байгаа бол маршрутын дагуу явдаг гэх мэт олон сэрэмжлүүлэг, сурталчилгаануудыг ард иргэддээ хүргэж ажиллаж байна. Үүний үр дүнд одоогоор ноцтой зүйл ажиглагдаагүй байна.

Сүхбаатар дүүрэгт Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам, агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, 13 улсын Элчин сайдын яам, их дээд сургуулиуд байрладаг бөгөөд энэ нь нийслэл хотын замын түгжрэл, замын аюулгүй байдлын гол зангилаа, эх үүсвэрүүдийн томоохон шалтгаан нь болдог аж.

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол Улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25 дугаарт орж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *