Нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа. Гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, гамшгаас хамгаалах мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэхэд сэтгүүлчдийг мэдээллээр хангах, хамтран ажиллах зорилготой тус сургалтад хэвлэл мэдээллийн 30 орчим сэтгүүлч хамрагдсан юм.
Ард иргэдийн дунд зохион байгуулдаг тэмцээнийг анх удаа сэтгүүлдчийн дунд зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой байлаа.
Сургалтын үеэр гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Хэн ч, хаана ч, хэзээ ч БЭЛЭН” буухиа тэмцээнд сэтгүүлчид авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог байна. Улаанбаатар хот орчмын Авдар уул, Эмээлт, Гүнжийн ам, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум гэсэн зургаан бүс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогддог байна. Эдгээрээс хамгийн ойр нь 15-20 км зайд, хол нь 212 км зайд оршиж байгаа аж. Эдгээр газарт 6.5 баллаас 8.5 баллын газар хөдлөх магадлалтай. Тухайн газруудад газар хөдлөхөд Улаанбаатар хотод мэдрэгдэх хүч нь 5.5-7.5 балл гэдгийг албаныхан хэлж байв. “Жайка” төслөөс 2013 онд ОБЕГ-тай хамтран гаргасан газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр Улаанбаатар хотод 6.5-7.6 баллын газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжын 20-50 хувь нь нурж, 30-60 мянган хүн нас барж, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн тооцоог гаргажээ. Мөн 3-4 баллын газар хөдлөлтөд 29 ЕБС, 46 цэцэрлэг, 30 эмнэлэг нурах аюултай аж. Эрсдэл бидэнд маш ойрхон байгааг энэхүү тоон судалгаанаас байгааг харж болно. Иймээс иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох нь чухал байгааг Онцгой байдлын алба хаагчид анхаарууллаа.
Газар хөдлөлтийг урьдчилан мэдэж болно. Чухам яг хэзээ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой аж. Айл бүрт гамшгийн үед хэрэглэгдэх 15 зүйл үүргэвчинд байх ёстой гэв. Үүнд бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч /радио/, гар чийдэн, сонин, гялгар уут зэргийг хийж, гэр, орондоо бэлэн байлгахыг зөвлөлөө.
Айл өрх, иргэд үер усны аюул нүүрлэхэд хэрхэн өөрийгөө болон бусдыг аварч, хамгаалах талаар мэдлэг, чадвар дутмаг байгааг дурдав.
Газар хөдлөлт, түймэр, үер усны аюулаас өөрийгөө болоод өрөөлийг хамгаалахад суралцаж, хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх дадалд суралцахыг Онцгой байдлын газраас ард, иргэдэд анхаарууллаа.