Дэлхийн 186 орны 10,000 гаруй байгууллага оролцдог “Ай-Ти-Би Берлин” үзэсгэлэн 50 дахь удаагаа болж өндөрлөлөө. Манай улс 1989 оноос эхлэн оролцсон бол Улаанбаатар хотыг бие даасан аялал жуулчлалын зорих газар болгон таниулах ажил 2 дахь жилдээ хийгдэж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ХК, 6 тур оператор компани, үндэсний урлагийн хамтлаг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 6 хоногийн турш улс, хотын аяллын мэдээлэл өгч, сурталчилгаа явуулж ажиллалаа. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол улс 100 м.кв талбайд тохижилт хийсний 1/3 хэсэгт Улаанбаатар хот, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёлын арга хэмжээнүүдийг сурталчилсан юм. Үзэсгэлэнгийн үеэр болдог олон улсын хурал, семинаруудын онцлох чиглэл нь мэдээллийн технологи, жуулчдын аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал байв. Үзэсгэлэнгийн 2016 оны түнш орноор Мальдив улс ажиллалаа гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.