Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотын дуусдаггүй зам гүүр, нүхэн байгууламжууд DNN.mn

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь аж төрж буй нийслэлийн хот төлөвлөлтийн байдалд хамгийн их асуудал үүсдэг нь зам гүүр, нүхэн байгууламжууд юм. Хотын захиргаанаас мэдээлж байгаагаар нийслэлийн 78 байршилд зам засвар, арчлалтын ажлыг энэ онд багтаан хийхээр төлөвлөсөн гэж мэдэгдээд байна. 13 байршилд 17.5 км замыг засварлаж шинэчилж дууссан гэж байгаа. Гэхдээ дуусаагүй, өнөөдөр ч үргэлжилж байгаа засварууд бий.

Жилийн жилд, ялангуяа намар хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн хот даяар зам засварын ажлууд өрнөдөг. Түгжрэл дээрээ улам гацааж орхидог. Зам барилгын ийм ажлууд жил дамнаад л үргэлжилдэг. Ашиглалтанд ордоггүй, улсын төсвөөс жил бүр татаас авдаг, замын ачааллыг нэмэгдүүлсээр байдаг муу түүхтэй зам гүүр, нүхэн байгууламжууд нийслэлд олон бий.

Тухайлбал, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх 0.78 км авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил үргэлжилж буй. Уг ажлын хүрээнд замын хойд талд нэмэлт өргөтгөл хийж, 3.5 метр нэмэлт эгнээ, 1.5 метр явган зам, 1.5 метр дугуйнзам тус тус хийхээр төлөвлөж байгааг албаныхан мэдээлж байв.

Гэвч замын эхлэл, төгсгөлд газар чөлөөлөлтийн асуудал үүссэнээс болж ажил удаашралтай байгаа гэгдэж байна.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажил 2022 онд эхэлж байв. Энэ нь нийт зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж буй. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд өнгөрсөн зургадугаар сард дуусгахаар төлөвлөснийг албаныхан мэдээлж байлаа. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон юм билээ. Гэвч төлөвлөсөн хугацаа өнгөрсөн ч зам барилгын ажил үргэлжилсээр байна.

Дараагийн зам бол Яармагийг Нэгдүгээр хороололтой холбох гүүрийн бүтээн байгуулалт юм. Барилгын ажил 2021 онд эхэлж 2022 онд үргэлжилсэн. 2023 оны арваннэгдүгээр сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэйгөөр “Мотор сервис”, “Тэргүүн саруул зам”, “Туулын гүүр далай” ХХК-ууд ажиллаж эхэлсэн байдаг. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах зурагтай. Эхний гүүр нь 37 метр. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байна. Дараагийнх нь 391 метр. Ийм уртаараа гүүр Монголын хамгийн урт гүүрний хоёрдугаарт бичигдэнэ гэсэн үг. Гурав дахь гүүр нь 55 метр. Дунд гол дээр баригдах юм. Замын холбоосыг тодруулбал Яармагийн “Номин” их дэлгүүрийн зүүн талаас хойш Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-IV-ийн урд замтай холбоно. Үүний дараа уг замаас Нэгдүгээр хорооллын 34 дүгээр байрны урд байрлах “Барс-2” захын баруун тал хүртэл зам, гүүр барьж холбох юм байна. Уг төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нийт санхүүжилт 119 тэрбум төгрөгийн төсөвтэй.

Энэ гүүрийг ашиглалтад оруулснаар Яармагийн түгжрэл 50 хувиар буурах боломжтой гэж төсөл санаачлагчид үздэг. Гэвч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхлүүлсэн энэ бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгож байна.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо Улаанбаатар хотын захиргаанаас энэ талаар мэдээлэл өгөхдөө “Энэ тал дээр тодохой хариу хэлэх боломжгүй. Аль болох шахаж, хурдан ашиглалтанд оруулах үүрэг өгч байгаа. Гүүрнүүдийн хувьд бүрэн ашиглалтанд оруулахад бэлэн байгаа” гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, Яармагийн гүүр хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бүрэн шийдэх боломжтой ч ажил нь эхэлдэггүй муу түүхтэй дараагийн нэг төсөл бол Туулын хурдны замын төсөл юм. Эхлэл нь 2013 онд АН-ын Засгийн газрын үед тавигдаж, Гудамж төслийн хүрээнд хийгдэх томоохон бүтээн байгуулалт болж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдэж байлаа. Нийт 35 км-ийн урттай, Монголын анхны хурдны зам хэмээн нэрлэгдэж ТЭЗҮ боловсруулагдсан байдаг.

Гэвч ажил хэрэг болж чадалгүй 11 жилийн нүүрийг үзсэн. Харин энэ жилээс Улаанбаатар хотын Захиргаанаас уг төслийг ажил хэрэг болгох талаар ярьж эхэлсэн. Тодруулбал, Туулын хурдны замын төслийн тендерийг энэ сард багтаан зарлахаар болсныг Хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлсэн. 11 жилийн өмнөөс ярьж эхэлсэн төсөл дахин ямар хугацааг зарцуулах нь бас тодорхойгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *