Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хот орчимд усны бохирдол их байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэх, хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлын шийдлийг хэлэлцэх зорилготой БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ долоо хоногт салбарын төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийсэн юм. Энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал нь усны бохирдол байлаа.

Улаанбаатар хот орчимд хавар, зуны улиралд гол дагасан ард иргэдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй усны бохирдол нэмэгдэж байна.

Тухайлбал, шар усны үер, голын усанд орох, машин тэргээ угаах зэргээс үүдэн усны нитрит /NO2/, нитратын /NO3/, фосфор/Р/-ийн агууламж Сонсголон, Сонгино дээд цэгийн орчимд стандартын хүлцэх дээд агууламжаас бага зэрэг давсан тохиолдол илэрчээ.

Харин Улаанбаатар хотоос доош буюу Сонгинын гүүрний доод хэсэгт Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош Сонгино доодоос Алтанбулаг хяналт шинжилгээний цэгийн орчимд 2021 оны хяналт шинжилгээний дүнгээр 4 дүгээр зэргийн “Бохирдолтой” ангилалд багтаж байсан бол 2022 оны хяналт шинжилгээний дүнгээр 6 дугаар зэргийн “Маш бохир” ангилалд орж, усны чанар муудсан байна.

Усны бичил амь судлалын шинжилгээгээр Сэлбэ голын эхэнд болон урсац дундын хэсгээс нянгийн бохирдол гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрч байгаа нь голын усны орчин хүн, амьтны ахуйн бохирдол их байгааг харуулж байна. Тиймээс халдварт өвчин үүсэхээс сэргийлж бохирдсон хөрс, орчныг ариутган халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгал хийх шаардлагатай гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

One reply on “Улаанбаатар хот орчимд усны бохирдол их байна DNN.mn”

Бохирдол их байгааг багасгаж стандарт хэмжээнд хүргэх талаар юу хийх, ямар гарц шийдэл дэвшүүлж байгаа, өмнө нь ямар арга хэмжээнүүд авсан талаараа мэргэжлийн байгууллагууд хэлэх хэрэгтэй шүү дээ, зүгээр л гоншгонох гэж уг албан тушаал дээр суугаагүй байлтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *