Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” их дэлгүүр уриад л байх юм, унаагаа хаана тавих юм бэ бид

Москвад авто зогсоол хайх гэж 19 минут болдог бол Мадридад 25 минут зарцуулдаг гэсэн сонирхолтой статистик бий. Харин Улаанбаатарт машины тун багахан зогсоол хайвал хэдэн ч цаг болж магадгүй болжээ. Учир нь нийслэлд Москва шиг том зогсоол байхгүй. Цөөн хэдэн байгууллага л гаднаа машины зогсоолтой. За даа, бараг ихэнх нь зогсоолгүй дээ. Урдаа барихаар том газрууд нь зогсоолоо шийдээгүй байхад, жижгүүдийг нь бол яриад ч хэрэггүй.

Улаанбаатар их дэлгүүр бол нийслэлдээ л дээгүүрт давхих худалдааны том төв. Дэлхийн брэндүүд эгнээстэй байдаг энэ дэлгүүрээр жишээ авъя л даа. Тэд“Найрсаг Улаанбаатар” гэж ирээд биднийг байнга урьдаг. Очоод үйлчлүүлэх гэхээр машинаа зогсоох газар олдохгүй дээ.Тэрүүхэндээ бяцхан зугаалга хийхийн яршиг төвгийг ярих юм биш. Арга ядаад хажуугийнх нь зам дээр тавьчихаар өнөө жаран мянгаар ачдаг машинууд нь нүд ирмэхийн зуургүй давхиж ирээд чирээд явчихна. Хувийн компаниудад хариуцуулчихсан болохоор олох мөнгөө боддог шиг байгаа юм, хаана ямар машин зогсох нь вэ гэдгийг анаж байгаад ачна даа, харин ч нэг. За тэгээд яах нь тодорхой. Ямаан дээр тэмээний гарз гэгчээр их дэлгүүрээс худалдаа хийж бараа авсан биш нэмж жаран мянган төгрөг төлөхөөс аргагүй болж байгаа юм. Машинаа ингэж ачуулсан хүн дахиад энэ их дэлгүүрийг зорихгүй нь ойлгомжтой. Монгол Зах зээлийн нийгмийн гоё тал нь энэ. Ганц их дэлгүүр байгаа биш, зогсоолтойд нь очъё гэнэ биз дээ. Ер нь бидний сонгочихоод байгаа нийгмийн хууль нь тийм л дээ. Гаднаа зогсоолгүй ямар ч газраас хүмүүс дайждаг. Цаг алт болсон энэ үед бензин шатахуун, хайран хугацаагаа гарзданбарин тэр хавьд эргэж хургахыг хэн л хүсээ аж.

Монголчууд хэтээсээ унаа хөсөгтөө анхаарч ирсэн улс. Ганц бид ч биш, дэлхий даяараа л хөл залгуулж яваа унаа тэргээ байрлуулах газрыг чухалчилсаар ирсэн. Одоо бол машин тэрэгний зогсоол маргах аргагүй номер нэг асуудал. Дэлхийд ийм тийм байдаг гэхээс өмнө түүхээ хэдэн арван, хэдэн зуун, хэдэн мянганаар урагшлуулж харъя. Нүүдэлчдийн соёлын онцлог л доо, унаа морьгүй гийчин гэж үгүй. Жавар тачигнасан өвлөөр бол морио хэний гадаа, хаана өвслүүлэх вэ гэдгээ ямар ч гийчин эхлээд боддог. Цаад айл нь ч гийчнээ явгалчихгүй юмсан гэж анхаарна. Айлд хүн ирэхэд заавал унаа малын асуудал яригддаг. Гаднаа уяагүй айлд ирэхгийчин олдохгүйтэй адилгаднаа зогсоолгүй байгууллагад очих хүн олдохгүй. Хүн очихгүй болохоор тэр байгууллага яах вэ, дампуурна. Жишээ татсан ньУлаанбаатар их дэлгүүр болохоос ганц энэ дэлгүүр зогсоолгүй байгаа юм биш л дээ. Нийслэлд хаа сайгүй зогсоолгүй байгууллагууд ирийж байна. Арилжааны банкууд гэхэд л зогсоол гэхээр юмгүй. Гэсэн хэр нь хамгийн олон хүн үйлчлүүлдэг үйлчилгээний байгууллага.

“Тэди” төв байна. Утсаа янзлуулах ч юм уу, шинэ утас авахаар ороод гараад ирэхийн хооронд машинаа ачуулсан жишээ өчнөөн бий. Өмнөх зогсоолд нь цөөхөн машин эгнээд л дүүрчихнэ. “Тэди”-г зорьсон ихэнх жолооч хажуугийн замынх нь нэгдүгээр эгнээнд машинаатавьж ороод ачуулчихдаг. Гурав, дөрөвдүгээр хорооллыг нийслэлийн үйлчилгээ төвлөрсөн газар гэх нь бий. Монголын Нью-Иорк гэсэн хошигнол ч сонсогддог. Тэндэхийн “Мянган нэрийн бараа”, “Номин”зэрэг худалдааны том төвүүдээр орох гэхээр зогсоол олдохгүй арга бардаг. Байгаа цөөхөн зогсоолд дээр нь худалдагч, лангуу түрээслэгчдийн машин эгнэчихдэг болохоор үйлчлүүлэгчийн машинд зогсох талбай олдоно гэж үлгэр. Гурав, дөрөвдүгээр хорооллын дэлгүүрээр хэсэгчдэд хоёрхон зам бий. Азтай нь нэгдүгээр эгнээд машинаа тавьж байгаад хүссэн юмаа авна, азгүй нь ганц юм аваад гарахын хооронд машинаа ачуулж, жаран мянган төгрөгөөр “шатна”.

Саяхан нэг найзтайгаа үдийн хоол идэх гэж олны орох дуртай нэг рестораныг зорьсон юм. Зогсоол олдохгүй, ойр хавиар нь бараг хагас цаг эргэлдлээ.Сүүлдээ өнөө рестораныхаа хажууд, замын нэгдүгээр эгнээнд түр тавихаас аргагүйд хүрэв. Хоол идэх зуур яав л гэж гэсэншүү юм бодоод ороод явчихлаа. Удсан ч үгүй утас хангинаж байна. Нэг залуу нэлээд сандарсан хоолойгоор “Машиныг чинь ачиж байна. Тус болчих санаатай дуулгаж байгаа юм шүү. Хурдан гарч ирээрэй” гэх нь тэр. Өмнө нь машинаа ачуулахын зовлонг мэдэрсэн учраас машиныг нь ачих гэж байгаа танихгүй жолооч руу залгаж мэдэгддэг ийм хүн нийслэлээр дүүрэн бий. Миний бие ч ялгаагүй ачих гэж байгаа машины дэргэдүүр зүгээр өнгөрөлгүй утсаа шүүрдэг. Захиалсан хоол энэ тэр ч дүүрч гээд гараад очтол аль хэдийнэ аччихсан байдаг байгаа. Ингээд нэгэнт захиалчихсан хоолны мөнгөн дээр нэмэх нь жаран мянган төгрөг түрийвчнээс хийсч одсон доо.

Арванзургадугаар хороололд “Саруул тэнгэр” гэж хотхон бий. Тус бүрдээ гурван орцтой, арваннэгэн давхар гурван орон сууц хэрнээ машины ямар ч зогсоолгүй. Хүүхдийн тоглоомын талбай барина гэж төлөвлөсөн талбай нь оршин суугчдынх ньмашины зогсоол болчихсон. Тэнд амьдардаг хүмүүс байрны дундах жижигхэн талбайд машинаа тавих гэжажлаасаа эртлэн гарцгаадаг юм. Бага зэрэг оройтоод ирэхэд машинаа тавих газаргүй болчих учраас тэр л дээ. За тэгээд машинууд нь эгнээд зогсчихсон үед “явган хүний түгжрээ” гэж том зовлон эхэлнэ. Орц руугаа ойртох гэж завсар зайгүй эгнүүлсэн машинуудыг тойрч гүйцгээхээс аргагүй болно доо. Төөрдөг байшинд тоглож байгаа хүүхэд шиг ийш тийш сөөлжиж гүйж байж арай гэж орцныхоо үүдэнд хүрнэ. Ганц “Саруул тэнгэр” ч биш “Голден парк”-аас эхлээд өчнөөн хотхоны оршин суугчид ийм зовлонг биеэрээ амсацгааж байгаа.

Нью-Иорк бол дэлхийн хамгийн том хот. Асар нарийхан гудамжуудтай. Гэлээ гээд тэнд зогсоол асуудал болоогүй. Хэд хэдэн байгууллаганийлж байгаад дундаа зогсоол барьчихдаг учраас тэр л дээ. Нью-Иоркчууд хотынхоо ямар ч байгууллага руу очсон дундын паркад нь машинаа тавиад ажлаа зовлонгүй амжуулдаг. Машинаа зогсоолоо, лифтээр өргөөд явлаа, тэнд ийм л дүр зураг харагддаг. Ажлаа бүтээгээд гараад ирэнгүүт нь машиныг нь лифтээр буулгаад өгчихнө. Тэнд машины зогсоол хайж стресстэх шаардлагагүй, зогсоол олдохгүйгээс болж машинаа нэгдүгээр эгнээнд зогсоочихоод жаран мянгаар торгуулах зовлонгүй. Бас нэгэн хэцүү зовлон гэвэл байгууллагынх нь өмнө машин тавих зогсоол байгаад байдаг гэтэл шинээр зассан замын хашлагыг давахын эцэсгүй өндөр битонон хашлагаар боомилон хаачихсан байх жишээтэй. Бүр албаар чадаж байгаа юм шиг. Нэг юм хийхээрээ нөгөөг үгүйсгэж байдаг монголчууд бидний энэ увайгүй зан уу. Зам засварын ажлыг анхнаасаа төлөвлөхдөө, хийхдээ байгууллага нийтийн үйлчилгээний газруудын өмнөх зай талбайг тооцож хашлага юугаа хийж болноо доо. Ер нь дэлхийн хотуудын хамгийн түрүүнд анхаарч шийддэг асуудал нь зогсоол байдаг.

НайрсагУлаанбаатар, найрсаг компани, найрсаг байгууллага болъё гэвэл машин тавих зогсоолоосоо л эхэлмээр байна. Хүн бүрунаа тэрэгтэй болсон орчин цагт зогсоолгүй газарт дампуурах гэсэн ганцхан зам бий. Учир нь тэр газарт хүн очихоо байна. Үйлчлүүлэгчгүй байгууллага оршин тогтнохгүй нь ойлгомжтой.

Зогсоолгүй Улаанбаатарын тухай зовлон ярья гэвэл өчнөөн жишээ байна л даа. Гэхдээ яг өнөөдрийнх шиг нөхцөл үүсчихсэн үед яаж шийдэх вэ гэсэн гарц нь илүү чухал. Нийтийн тээврээр л хүмүүсээ зорчуулах бодлого барья, метротой болъё гээд хадуураад үр дүнгүй. Хэзээ ч барих метро юм. Аймаар их өртгөөр тансаг зогсоол барьж, төлбөрийг нь Лондон шиг өндөр тогтооё гээд нэмэргүй. Тэглээ гээд хүмүүс машинаа гэртээ орхиод өнөө муу хэдэн автобусандаа чихэлдээд зорчихгүй. Харин амьдралд ойр хэдэн санаа байна. Жишээ нь үдийн цайгаа уух гэж ирсэн хүн рестораных нь гаднаас машинаа ачууллаа гэж бодъё. Хоолоо зарж мөнгө олдог ресторан хоолыг нь авч орлоготой амьдруулдаг үйлчлүүлэгчдийнхээ машиныг зогсоох газрыг шийдээгүйнхээ төлөө мөнгө төлөх хэрэгтэй. Зүй нь бидний халааснаас гардаг жаран мянган төгрөг тэдний халааснаас гарвал шударга ёсонд нийцмээр байгаа юм. Үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс, ачуулсан машинуудынжаран мянган төгрөгийг төлөөд эхэлбэл рестораны эзэн нэг юм бодож эхэлнэ ээ дээ. Газар олдохгүй хэцүү байлаа ч ойр хавийнх нь нийлж хэрдээ таарсан давхар зогсоолын асуудал ярьж эхэлнэ гэдэгт эргэлзэх юм алга. Учир нь тэд хүнд хоол зарсныхаа төлөө ашиг олж байгаа. Ашгийнхаа багахан хэсгийг үйлчлүүлэгчийнхээ тав тухын төлөө зарах л ёстой.

Зогсоолтой, зогсоолгүй газруудын жагсаалтыг нийслэлээс зарлах бас нэг арга бий. Энэ дэлгүүрүүд зогсоолоо шийджээ, ийшээ очиж үйлчлүүлээрэй, тэр дэлгүүрүүд зогсоолгүй, холхон яваарай гэж байнга сануулаад байвал үйлчлүүлэгчдээ боддоггүй байгууллагууд нэгийг санаж, хоёрыг сэдээд л эхэлнэ.

Зогсоолгүй хотхонуудыг ч журамлах арга байгаа. Зогсоолгүй орон сууц барьсан компаниуд байрнуудаазах зээлийн үнээс гучин хувиар хямдруулж зарахаас аргагүй нөхцөлийг үүсгэчихье л дээ. Тэгж болох өчнөөн гарц бий. Эхнээс нь хууль, журам гаргаад шийдэх түмэн боломж байгаа.Мэдээж “Та байраа хямдруул” гэж шууд шахна гэж юу байхав. Тэгэхээс аргагүй нөхцөл үүсгэх эрх, гарц нь шийдвэр гаргагчдад байж л таараа. Биднийх шиг зовлонг туулаад гарсан улсын туршлага гэж бэлэн хоол байна. Судлаад гарцыг нь олооч гэж л бид тэднийг олсон орлогоосоосуутгуулан барин тэжээж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *