Тэрээр иргэдийн асуусан асуултад хариулахдаа “2013 оны 2 дугаар сард Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг УИХ-аар баталсны дагуу НИТХ-ын шийдвэрээр төлөвлөлт хийгдсэн 52 байршилд 2013 оны 5 сарын 30-наас эхлэн газар өмчлөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар 1.3 сая иргэдийн 93.000 нь газраа өмчилсөн байна. Үлдсэн иргэддээ чирэгдэл үүсгэхгүйн тулд захиалгыг цахимаар авч байна. Гэхдээ шийдвэр гарсан өдрөөс өмнө Улаанбаатар хотын харьяат болсон иргэд хүсэлт гаргах эрхтэй” гэсэн юм.
Бүтээн байгуулалтын хувьд энэ жил 230 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөр дулаан бохирын асуудлыг шийдэх, зам тавих, уулзваруудыг өргөсгөх, “Гудамж” төслийг үргэлжлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Тухайлбал ойрын үед Богд уулын араар зам тавих, мөн улсын баяр наадмаас өмнө Яармагийн замын сүүлийн хучилтыг тавих зэрэг ажлууд хийгдэж байна.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний зам талбай хийгдээгүй газруудад шинээр зам, гарцуудыг хийж байна. Гэхдээ зам барилгын ажлыг аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс урьдчилан мэдээлэл өгч байна гэлээ.
Нийслэлийн гудамж талбайг цэцэрлэгжүүлэх ажлыг эрчимжүүлж өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их цэцэгжүүлэлт ногоон байгууламж тарихаар төлөвлөсөн байна.
Ногоон байгууламжийг устгаад байшин барилга барьдаг асуудлыг бүрэн зогсоожээ.
Туул голын эрэг дагуу аялал зугаалгын бүс бий болгохоор төлөвлөж байгаа ба энд дугуйн зам, худалдаа үйлчилгээний газруудыг нээхээр төлөвлөсөн байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийслэлийн бүхий л хэсгийг дэд бүтцээр бүрэн хангаж дуусгана. Ингэснээр 80-100 мянган орон сууц ашиглалтад орох аж.
Нийтийн тээвэр, авто зогсоолын хувьд ч багагүй шинэчлэлтийг хийж байгаагийн дээр зогсоолын хомсдолыг арилгах зорилгоор газар доорх зогсоол, автомашины давхар зогсоол барихыг дэмжиж байгаа аж.
Ирэх намраас компанийн ашгийг бус иргэдийн тав тухтай зорчих эрхийг эрхэм болгож нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явах, мөн суудлын тооноос 10- аас илүүгүй хүн тээвэрлэхгүй байх зэрэг заалтуудыг мөрдөхөөр болжээ.
Эцэст нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн иргэн бүрийг хог хаягдалтай тэмцэхийг уриаллаа. Тэрээр нийслэлийн ихэнх хөрөнгө хүч хог хаягдлыг цэвэрлэхэд зориулдаг. Улсынхаа нийслэлд хоноцын сэтгэлээр хандалгүй миний гэр, миний амьдрах газар гэсэн сэтгэлээр хандаач ээ” гэж уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.