Categories
гадаад мэдээ

Украины тал хариу мэдэгдэл гаргав DNN.mn

Украины Аюулгүй байдлын газрын хэвлэлийн алба “ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон террорист халдлагад Киев оролцсон тухай мөн манай Аюулгүй байдлын алба(СБУ)-ны дарга Василий Малюкийг баривчлахыг шаардсан ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэл нь ямар ч ёс суртахуунгүй, бүдүүлэг явдал” гэж мэдэгдэв.

Мөн уг мэдэгдэлд “ОХУ-ын ГХЯ Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, тухайлбал терроризмтой тэмцэх тухай олон улсын конвенцийг дурдахыг хичээж байгаа ч, ОХУ-ын ГХЯ уг конвенцийн заалтаар олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад орсон хүн бол Путин гэдгийг мартаж байна” гэж дурджээ. Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын ерөнхийлөгчийг Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан гэж буруутгаж баривчлахыг шаардаж байгааг тус алба дахин сануулсан байна. Мөн Украины Аюулгүй байдлын газрын хэвлэлийн алба “Оросын цэрэг олон зуун энгийн иргэдийн цогцос үлдээж, Буча хотоос цэргээ гаргасны ойг тохиолдуулан ОХУ-ын ГХЯ ийм мэдэгдлийг гаргаж байгаа нь өөрөө Олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж буй ямар ч ёс суртахуунгүй, бүдүүлэг үйлдэл. Иймээс ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэл нь ямар ч үнэ цэнэгүй зүйл юм” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яам “Оросын талын явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа Москвагийн ойролцоох “Crocus City Hall”-д болон террорист халдлагад Украин оролцсоныг тогтоосон.
Иймээс терроризмтой тэмцэх тухай олон улсын конвенцийн дагуу энэ халдлагад оролцсон хүмүүсээ нэн даруй баривчилж, манай талд шилжүүлэн өгөх ёстой. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон бусад халдлага болон Крымын гүүрийн террорист ажиллагааг зохион байгуулсан Украины Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюкийг баривчлан шилжүүлж өгөхийг Москва шаардаж байна” гэж мэдэгдээд байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *