БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёлын засгийн газар Оросын түрэмгийлэлд өртсөн Украины хотуудыг сэргээн босгоход гар бие оролцох үүрэгтэй гэж эрх баригч Иргэний хүч намын дарга хэллээ. БНСУ нь олон улсын өмнө илүү их үүрэг хариуцлага хүлээж ажиллахаа амласан гэж намын дарга Ли Жун Сок онцлов.
Тэрбээр хууль тогтоогчдыг оролцуулсан нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн Баасан гаригт Украин руу хөдөлжээ. Айлчлалын зорилго нь дайнд нэрвэгдсэн украинчуудтай уулзаж, хамтран ажиллах тухай ярилцан, тэднийг дэмжихэд оршино.
Төлөөлөгчид Бямба гаригт Польшоос Украин руу нэвтэрсэн бөгөөд Буча, Ирпин, Киев хотуудад айлчилжээ. Тэдний аюулгүй байдлын үүднээс айлчлалын тухай мэдээллийг ийн оройтож мэдээлсэн гэв. Гэхдээ Киев хотын дарга цахим хуудсаараа дамжуулан тэдний айлчлалыг зарлачихсан байсан. Эх орондоо буцаж ирэхээсээ өмнө тэд Зеленскийтэй уулзах төлөвлөгөөтэй байна.
Айлчлалын хоёр дахь өдөр төлөөлөгчид Украины албаны хүмүүстэй уулзаж, хэрхэн дэмжлэг үзүүлэх арга замыг хэлэлцжээ. Түүнчлэн Ли Украин дахь солонгосчуудтай уулзсан байна.
“Бид Украинд юу хийж өгч чадахаар байна гэдгээ харах гэж ирсэн. Ерөнхийлөгч Юн Сук Ёлын засгийн газрын олон улсын өмнө илүү их үүрэг хариуцлага хүлээж ажиллана гэсэн амлалтын дагуу энэ даалгаврыг биелүүлж байна” гэж Ли Жүн Сок хэллээ.