Categories
гадаад мэдээ

Украины эрх баригчид Северодонецк хотыг орхин гарах тушаалыг цэргүүддээ өгчээ DNN.mn

Олон хоногийн турш Донбассын фронтын хамгийн халуун цэг болж байсан Северодонецк хотоос ухрах тушаалыг Киевийн засаг захиргаа цэргүүддээ өгчээ.

Луганск мужийн аж үйлдвэрийн төв болсон уг хотыг эзлэхийн төлөө тулаанд Оросын тал асар их хүч хаяж байгаа

Хэрвээ Северодонецк хотыг Украины цэргүүд орхин гарвал Луганск муж бараг бүхэлдээ Оросын цэргийн хяналтад шилжих юм.

Одоо Северодонецкийн дагуул хот Лисичанск л зөвхөн Украины мэдэлд үлдэж байна.

Луганск бол орос хэлтэн хүн ам олонх болдог, Донбассын бүс нутгийн бүрэлдэхүүнд багтдаг хоёр мужийн нэг юм.

Северодонецк хот олон хоногийн турш Оросын их бууны цохилтын бай болж байсан тул дэд бүтэц нь бүхэлдээ устаж, байшин барилгын 80 гаруй хувь балгас болжээ.

“Хэдэн сарын турш тасралтгүй бөмбөгдүүлсэн байрлалыг хамгаалах нь одоо утгагүй болсон. Украины цэргүүд шинэ байрлалд шилжиж, тулаанаа тэндээс үргэлжлүүлэх тушаал авлаа” гэж Луганск мужийн захирагч Сергей Хайдай телевизээр мэдээлсэн байна.

Дайны өмнө Северодонецк хот 100,000 оршин суугчтай байсан юм. Одоо хэдэн зуун энгийн иргэн тус хотод үлдсэн гэсэн баримжаа тоо байна.

Өчигдөр ирсэн өөр нэг мэдээллээр Украины өмнөд хязгаарын Херсон хотын захирагчаар Оросын талаас томилогдсон хүн автомашинд тавьсан бөмбөг дэлбэрэхэд амиа алджээ.

Эзлэгдсэн Херсон мужид Кремлиэс томилсон хэд хэдэн албан тушаалтан сүүлийн өдрүүдэд халдлагын бай болоод байна. Үүнийг орон нутгийн партизанууд үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа.

Херсон муж нь 2014 онд ОХУ-д эзлэгдсэн Крымийн хойгийг Оросын газар нутагтай хуурай газраар холбоход чухал ач холбогдолтой бүс нутаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *