Categories
гадаад мэдээ

Украины дайн хөгжиж буй улсын эдийн засагт аюул учруулж байна DNN.mn

Украины дайны үр дагавар хөгжиж буй улсуудын эдийн засагт аюул учруулж байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш анхааруулав. “Ойролцоогоор 1.7 тэрбум хүн ядуурал, өлсгөлөн нүүрлэх эрсдэлийг нэмэгдүүлж буй хүнс, эрчим хүч, санхүүгийн системийн тасалдал саатлын нөлөөнд өртөх төлөвтэй байна гэж А.Гутерреш сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэрээр дэлхийн хамгийн ядуу буурай 36 улсын буудайн импортын тэн хагасаас илүү хувь нь Орос, Украинаас хамрааралтай байдаг гээд нэгдүгээр сараас хойш буудай, эрдэнэшишийн үнэ 30 хувиар өссөнийг дурдаад, “хэдийнэ өсчихөөд байсан бараа,бүтээгдэхүүний үнийг дайны байдал улам нэмэгдүүлж байна” гэж хэлжээ. Үүсээд буй зөрчил нь нефть, хийн үнийг эрс өсөхөд нөлөөлөөд байгаагийн сацуу тэргүүлэх улсууд одоо Оросын ерөнхийлөгч Владимир Путины дайныг санхүүжүүлэх чадварыг нь хязгаарлахын тулд тус улсын эрчим хүчний экспортод хориг тавихаар ажиллаж байна.

Орос улс нь мөн дэлхийн бордооны тэргүүлэх нийлүүлэгч бөгөөд бордооны үнэ мөн л хоёр дахин нэмэгдээд байгаа нь ургацын хэмжээ эрс буурахад нөлөөлж болзошгүй байна. А.Гутеррешийн хэлснээр, үнийн өсөлтийг даган өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал нэмэгдэнэ. НҮБ-ын тэргүүн дэлхийн инфляцийн өсөлт нь худалдан авах чадварыг бууруулж, дотоодын өсөлтөд сөргөөр нөлөөлж, хөгжлийг сааруулж, улмаар ахиц дэвшлийг бууруулж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр хөгжиж буй улсууд их өрөнд нэрвэгдээд байгааг мөн дурдсан байна. ОХУ-ын түрэмгийлэл эхэлсний дараа томилогдсон “Дэлхийн хямралд хариу арга хэмжээ авах бүлэг”-ийн ажлын хэсгийн анхны тайланг танилцуулах үеэр тэрбээр дээрх мэдэгдлийг хийсэн юм. Энэхүү тайланд хүнс, эрчим хүч, санхүүгийн тасалдал саатлын нөлөөг бууруулах, тодруулбал, нээлттэй зах зээлээр дамжуулан хүнс, эрчим хүчний тогтвортой урсгалыг хангах, экспортын шаардлагагүй хязгаарлалтыг цуцлах зэрэг хэд хэдэн зөвлөмжийг санал болгожээ.

Хүнсний хангамжийн хувьд тус ажлын хэсэг илүүдэл бүтээгдэхүүнээ хэрэгцээтэй улсуудад илгээж, хүнсний үнийг өсгөхгүй байхыг уриалсан байна. Харин шатахуун дээр Засгийн газруудад стратегийн нөөцөө ашиглахыг уриалжээ. А.Гутерреш, “Энэ бол улсууд тус тусдаа, уялдаа холбоогүйгээр шийдэх хямрал биш. Үүсээд буй онцгой байдал нь дэлхий нийтийг хамарсан зохион байгуулалттай шийдлийг шаардаж байна” гэдгийг онцолсноос гадна хамгийн гол шийдэл нь дайныг зогсооход оршиж байгааг мөн цохон тэмдэглэв.

BBC. CNN. REUTERS. NHK. TASS. Global Times. Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *