Categories
гадаад мэдээ

Украины асуудал шийдэгдэх шатандаа оров

Цагаан ордон “Ерөнхийлөгч Жо Байден Италийн ерөнхий сайд Марио Драгитай утсаар ярьж Украины бүрэн эрхт байдлыг хамгаалахаа харилцан илэрхийлсэн. Мөн ОХУ-ын зүгээс Украин руу халдвал хариуд нь эдийн засгийн хүнд цохилт өгөх саналтай байгаагаа талууд илэрхийлсэн” гэж мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден NATO болон түнш улсын удирдлагуудтай цахимаар уулзаж, Украины хилийн асуудал болон ОХУ-ын шаардлагын талаар ярилцлаа. Тухайн уулзалтад Франц, Герман, Итали, Их Британи, Канад, NATO, Европын холбоо, Польш, Румын улсын удирдагчид оролцсон байна. Уг шуурхай хурлыг төлөвлөөгүй байсан ч ОХУ-ын байдлаас үүдэн зохион байгуулагджээ. Хэлэлцээний тодорхой мэдээлэл одоогийн байдлаар ил болох болоогүй ч ОХУ болон Украины талаар ярилцсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. ОХУ-аас Украиныг бүслэн 100 мянган цэрэг бэлэн байлгаж байгаа бөгөөд Беларусь шаардлагатай тохиолдолд өөрийн нутаг дэвсгэр дээрээ цөмийн зэвсэг байршуулах болно гэж А.Лукашенко мэдэгдэв. Мөн ОХУ өнгөрсөн бямба гаригт цөмийн баллистик пуужин харвах хээрийн сургууль хийснийг барууныхан болон Оросын зарим судлаачид “Энэ арай хэтэрлээ” гэж В.Путиныг буруутгав. Үнэндээ энэ нь жил болгон болдог В.Путин цөмийн пуужин харвах тушаал өгч ямар хүчирхэг байгаагаа харуулдаг ээлжит шоу үзүүлбэр юм. Ганц ялгаа нь А.Лукашенко байлцаж байгаа явдал. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “ОХУ-ын цэрэг Украинд хэзээ мөдгүй довтолж магадгүй болсон” гэсэн бол NATO -гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Өрнөж буй байдлаас харахад Орос Украинд өргөн хэмжээний довтолгоо хийх гэж буй нь тодорхой болсон учраас Украин дахь NATO-гийн албан хаагчдыг Львов болон Брюссельд яаралтай шилжүүлсэн” гэж мэдэгдэв. Бас Оросууд Украин руу довтлох байх гэсэн болгоомжлолын улмаас Германы армийн 130 цэрэг, 60 машин бүхий нэмэлт хүч Литвад ирлээ. Украины хямралаас үүдэн АНУ тэргүүтэй NATO-гийн шуурхай хүч (NATO Response Force, NRF)-ний олон мянган цэрэг 30 хоногт бус долоо хоногт багтан Украины хил орчимд очиж байрлахад бэлэн болов. Украины Донецк болон Луганск мужийн салан тусгаарлагчид ОХУ руу Оросын паспорт бүхий 700 мянган хүнийг шилжүүлэхээр төлөвлөж, баасан гаригаас эхлэн эхний ээлжинд 3000 иргэнийг нүүлгэв. Нүүлгэх ажиллагаа эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа Донецк хот дахь салан тусгаарлагчдын засаг захиргааны байрны гадаа зогсож байсан УАЗ автомашин дэлбэрчээ.Салан тусгаарлагчид “Донецк мужийг ням гаригийн 00:03 цагт Украины талаас хүчтэй буудсан” гэж мэдэгдэв. “Салан тусгаарлагчид цэргийн дайчилгаа эхлүүлэв. Донецк хотын гудамжинд танк, өөрөө явагч их буу орж ирэв. Салан тусгаарлагчид иргэдээс зураг авч олон нийтийн сүлжээнд тавихгүй байхыг уриалав”. Харин Өрнөдийнхөн Донецк, Луганск мужуудад өрнөж буй үйл явдлыг ОХУ-ын зүгээс Украинд халдан довтлох дайны оршил хэмээн болгоомжилж байна.

Дээрх мужуудтай хил залгаа Оросын Ростов мужид Украинаас ирэх дүрвэгсдийг хүлээн авч, байрлуулах, хүн бүрд 10 мянган рублийн тусламж үзүүлэх даалгаврыг ерөнхийлөгч Владимир Путин онцгой байдлын сайддаа өгсөн тухай Москва мэдээлжээ. Мөн ерөнхийлөгч В.Путин, А.Лукашенко нар Москвад уулзаж дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал хийхэд В.Путин “Барууны улсууд ямар ч нөхцөлд бидний эсрэг хориг арга хэмжээ авах болно. Яагаад гэвэл тэд ОХУ, Беларусь улсын хөгжлийг зогсоох зорилготой. Бид энэ хоригийг давж гарах нь улсаа хөгжүүлэх ганц гарц” гэж мэдэгдэв. Тэрээр коммунистуудаар Украины Донецк болон Луганск мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх Думын тогтоолын төсөл гаргуулж бэлдсэний дараа ингэж шууд мэдэгдэж буй нь В.Путин байдлыг чинээнд нь тултал хурцатгаж байгаад барууныхантай уулзах гэж буй тактик билээ. Гэхдээ өнгөрсөн хоногуудад эрчимтэй өрнөсөн эдгээр үйл ядлууд нь Украины асуудлыг цогцоор нь харах, юу болж өндөрлөхийг таамаглах боломж бидэнд олгож байгаагаар онцлог юм. Бас жирийн иргэд бид өнөөдөр ямар их хуурамч мэдээлэл дунд амьдарч байгаагийн баталгаа ч гэж хэлж болно.

Украиныг 150 мянган цэргээр бүсэлсэн нь дайн хийх гэсэн юм биш зүгээр л барууныхантай хэлэлцээ хийхэд үзүүлдэг байсан ЗХУ-ын хуучин арга болох шахалт. Харин үүнийг нь АНУ болон барууны улсууд үгсэн, жинхэн мэдээллийн дайн болгон хувиргаж яг төдийд дайрах гэж байна гэж худал мэдээлэл байнга тараан В.Путины талынхны багийг хуулж, цаад үнэн нүүр царайг нь дэлхий нийтэд ил болгочихсон нь үнэн. Гэхдээ В.Путин ч өөрийн тавьсан зорилгодоо хүрсэн нь бас үнэн. Иймээс түүнийг барууны зарим улс төр судлаачид ялахад ойрхон боллоо гэж бичээд байгаа хэрэг. Тэрээр бүрэн авлигажсан өөрийгөө болон төр, засгаа түр ч гэсэн байлгах цаг хожихын тулд ард иргэддээ өөрийгөө олон улсад ямар том байгааг харуулах гол зорилго тавьсан. Ер нь Оросын худалч, төрийн мэдлийн мэдээлэлд гадныхан байтугай оросууд өөрсдөө итгэхээ болиод удаж байна. Ганцхан жишээ авахад, дэлхийн анхны ковидын эсрэг орос вакцинд өөрийнх нь иргэд байтугай эмч нар нь итгэхгүй байгаа явдал. Ийм вакцин тариулсан В. Путин хэт урт ширээний араас албаны хүмүүстэй уулзаж өөрөө үүнийгээ баталгаажуулаад амжсан.

Өчигдрөөс эхлэн Оросын ардчилагчдын нэгдсэн нам “Яблоко” (Российская объединённая демократическая партия “Яблоко”) ОХУ даяар дайны эсрэг иргэдийнхээ гарын үсэг цуглуулж эхлээд байна. Энэ бүхэн В.Путин улс орондоо ардчилсан өөрчлөлт зоригтой хийхгүй бол өөрөө ч төр, засаг нь ч удахгүй болсон гэсэн үг. Үнэндээ ийм өөрчлөлт хийхгүй бол ОХУ ЗХУ-ынхаа түүхийг давтана. Харин ардчилсан өөрчлөлтийг авлигачид хийх хэцүү гэдэг бас үнэн.

Украины асуудал намжвал Сири, Афганистан, Кавказын нуруу, Казакстан, Румынаас ЗХУ-ын салган авсан Молдов бас Арктикт, мэдээж Венесуел, Куба улс гэх мэт Өмнөд Америк тивд В.Путины нөлөөг арилгах үйл ажиллагаа өрнөж эхлэх нь ойлгомжтой, бас тодорхой.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *