Categories
мэдээ нийгэм

Украинд олзлогдсон сөрөг хүчний төлөөлөгч Медведчук Путинд ханджээ DNN.mn

Улсаасаа урвасан хэргээр хоригдож буй Украины ардын депутат Виктор Медведчук Украин болон Оросын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргажээ. Тэрбээр өөрийг нь Украины цэргийнхэн болон Мариуполийн энгийн иргэдээр солихыг хүссэн байна. Медведчук хүсэлтээ ийнхүү илэрхийлсэн дүрс бичлэгийг Украины Аюулгүй байдлын алба нийтэлсэн бөгөөд энэ бичлэгийг хэзээ, хаана хийсэн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм.

Бичлэг дээр Медведчук ширээний ард суун, ОХУ болон Украины Ерөнхийлөгчид хандан өөрийг нь “Мариуполийг хамгаалагчид болон хүмүүнлэгийн коридороор аюулгүй гарч чадахгүй байгаа оршин суугчдаар” солихыг хүсчээ.

“Настоящее время” агентлагийн мэдээлснээр, Медведчук Украины иргэн, мөн цэргийн хүн биш тул цэргийн олзлогсодыг солилцох журмын дагуу түүнийг солих боломжгүй, иргэдийг солилцох нь гагцхүү шүүхийн шийдвэр гарсны дараа л боломжтой болох аж.

Энд дуулгахад, Украины Аюулгүй байдлын албаныхан тусгай ажиллагааны үеэр Оросын талыг баримтлагч “Сөрөг хүчний тавцан-Амьдралын төлөө” намын дарга, Путиний ойрын хүн гэгддэг Виктор Медведчукийг баривчилсан талаарх мэдээлэл дөрөвдүгээр сарын 12-ны орой гарсан юм. Тэрбээр гэрийн хорионд байж байгаад хоёрдугаар сарын сүүлээр зугтсан. Улмаар Медведчукийг барьцаагаар суллагдах эрхгүйгээр дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хорьж байв.

Медведчукийг улсаасаа урвасан, алан хядах байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хэрэгт сэжиглэж байгаа юм. Мөрдөн байцаалтын дэвшүүлсэн хувилбараар тэрбээр ӨАБНУ-аас Украин рүү нийлүүлэх гэрээг тасалдуулах, түр эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хууль бусаар нүүрс худалдан авах ажлыг зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *